Монгол улсад багшийн цалин өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад 10 дахин бага гэсэн судалгаа байдаг. Тийм ч учраас олон багш мэргэжлээ орхин, Солонгос улсад хар ажил хийхээр зорьж байна. Тэгвэл өнөөдөр тэдний нэгэн төлөөлөлтэй ярилцлаа.
-Та ямар шалтгаанаар Солонгос явсан бэ?
-Би нийгмийн ухааны багш мэргэжлээр их сургуулиа төгссөн. Төгсөөд мэргэжлээрээ ажиллаж, хангалуун амьдрах нь хүн бүхний л мөрөөдөл шүү дээ. Тэдний л нэгэн адилаар мэргэжлээрээ долоон жил ажилласан. Үнэхээр хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө гэгч он жилүүд өнгөрсөн. Би бага насны дөрвөн хүүхэдтэй. Эхнэр маань хүүхдүүдээ хараад гэртээ суудаг болохоор ар гэрээ авч явах бүхий л хариуцлага миний нуруун дээр ирнэ. Анхандаа залуу хүн урам зориг дүүрэн байдаг юм билээ. Хэдэн жил ажиллаад, амьдрал дээшилнэ гэж бодож хичээгээд л. Гэвч тийм биш. Сүүлдээ туйлдаад улирлын амралтаар өөр улсад очиж хар ажил хийх сонголтыг хийж байна.
-Та хэзээ яваад, хэр удаан ажилласан бэ?
-Би 2022 оны арванхоёрдугаар сард хичээлийн нэгдүгээр улирлын амралтаар яваад, нэг сар ажиллаад ирсэн. Дараа нь энэ зун хичээл амраад, зуны амралтаар хоёр сар яваад, саяхан ирлээ.
-Монголд багшийн цалин муу болохоор гадаадад очиж ажиллаж байгаа олон багш бий. Энд мэргэжлээрээ ажиллах, тэнд ажиллах хоёрын ялгаа юу вэ?
-Багшийн цалин муу байлгүй яах вэ дээ. Энд авах сарын цалингаа Солонгос улсад 3,4 өдөр ажиллаад авах боломжтой. Тийм болохоор л хүний нутагт очиж хар ажил хийж яваа шүү дээ. Уг нь мэргэжлээрээ эх орондоо ажиллавал ямар сайхан билээ. Гэвч авдаг цалин нь бага. Хүний нутагт хар ажил хийнэ гэдэг хүсээд байх зүйл биш. Гэсэн ч үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө миний тэнд зовох хамаагүй гээд л зүтгэж байна даа.
-Зуны болон улирлын амралтаараа гадагшаа явж ажиллаад бусад үед энд мэргэжлээрээ ажиллаж байгаа гэж ойлголоо. Цаашдаа яах бодолтой байна вэ?
-Мэргэжлээ бүр мөсөн орхиод явж чадахгүй, ирэн очин л байна. Шавь нараа санана, хамт олноо, гэр бүлээ бүр их санана. Тэнд байх хугацаанд шавь нар маань их мессеж бичдэг юм. “Багшаа та эргэж ирнэ биз дээ, хичээлээ заана биз дээ. Санаж байна, хурдан ирээрэй” гээд л. Хүүхдүүд болсон хойно юмны учир ойлгохгүй. Цалин сайн авдаг байсан бол хүний нутагт очиж зовох ямар хэрэг байх вэ дээ. Эх орондоо мэргэжлээрээ ажиллах хүн бүрийн л мөрөөдөл байх гэж боддог.
–Ахиад Солонгос улс руу явж ажиллах уу эсвэл эндээ мэргэжлээрээ ажиллах уу?
-Одоо есөн сар гаргаад явах гэж байна. Хоёр сар орчим ажиллаад ирэх бодолтой. Цаашдаа яах эсэх нь үнэхээр тодорхойгүй. Цалин сайн бол эх орондоо ажиллалгүй яах вэ. Одоо хичээл эхлэх гэж байхад явах гэж байгаа юм чинь мэдээж мэргэжил, ажлын байраа орхиод хүний нутаг зорьж байна гэсэн үг. Цалин хангалттай авдаг бол Монголдоо мэргэжлээрээ ажиллаад, гэр бүлтэйгээ сайхан амьдрахыг хүсэж байна.
-Саяхан багш хөтөлбөрөөр сурах оюутнуудын төлбөрийг төрөөс даана гэж Ерөнхий сайд хэлсэн. Энэ талаар та байр сууриа илэрхийлбэл?
-Төлбөргүй сургаад, олон багш төгслөө гээд ямар хэрэг байх вэ. Төгсөөд ажлын байранд гараад, цалингаа аваад хэн ч шантарна. Багшийн цалинг голоод хүүхдүүд цалин өндөр мэргэжлээр сурахыг хүсдэг болчихсон. Үнэхээр хүсээд багш болсон чадварлаг залуучууд ч төгсөөд өөр ажил хийгээд явж байна. Багшийн цалингаас илүү гээд энд тэнд зоогийн газар зөөгч хийгээд, дэлгүүрт сууж байгаа жишээнүүд зөндөө байна. Цалингаас нь болоод багш гэдэг мэргэжлээс залуучууд зугтдаг болсон. Маш олон чадварлаг багш нар харь орныг зорьж байна. Чадвараа үнэлүүлээд, эх орондоо сайхан амьдрахын оронд харь оронд нойр, хоолгүй зовж байна. Цалин хангалттай авдаг бол багш болгон эх орондоо үлдэнэ, сайхан амьдарна. Хүүхдүүд багш мэргэжлээр сурахыг хүснэ. Төлбөргүй сургалаа гээд цалин нэмэгдэхгүй бол төгсөөд ажиллах хүн байхгүй л гэж бодож байна даа.
-Цаг заваа гарган ярилцсанд баярлалаа.
Т.Ариунзаяа