Засгийн газраас санал гаргасны үндсэн дээр НИТХ-аар ирэх өвөл БНХАУ-аас хагас кокс, асаагч оруулж ирэх саналыг батлаад байна. Улаанбаатар хотын сайжруулсан шахмал түлш шаардлага хангахгүй, сайн асаж өгөхгүй байгаа учир үүнээс өөр арга байхгүй хэмээн тайлбар хэлсэн нь олон нийтийг бухимдуулсан юм. Судлаачид, иргэд, улстөрийн намуудын тухайд “МАН 2024 оны сонгуулийн өмнө хотын утаа бодитоор буурсан юм шиг харагдуулах алхам хийж байна. Гэр хорооллын нэг өрх айлд 1 сая төгрөг тараасантай тэмцэх тийм өндөр дүнтэй мөнгийг шууд салхинд хийсгэж болохгүй хэмээн эсэргүүцсээр байгаа юм. Тиймээс Нийслэл өр тавьж, Хятадаас нүүрс оруулж ирэх шийдвэрээ эргэн харахыг тал талдаа шаардсаар байна. Бид энэ асуудлаар хуульч Ч.Өнөржаргалын байр суурийг сонслоо.
Тэрээр "….Улаанбаатар хот 500 тэрбум төгрөгийн бонд босгож байна. Энэ мөнгийг үр дүнтэй зарцуулах байх, хотын хөгжилд зориулах байх гэдэг хүлээлт байсан. Гэвч тэгсэнгүй. 177,5 тэрбум төгрөгийг зөвхөн 45 хоногт зарлагадаж, БНХАУ-аас авах хагас кокс болон түлш асаах асаагч бодист зарцуулах гэж байна. Ийм учраас үүнийг эсэргүүцэж иргэдийн цахим гарын үсгийг цуглуулж байна. Эрчим хүчний сайдын тайлбараар 177,5 тэрбум төгрөг дээр дахиад нэмж 300 тэрбум төгрөгийн татаас нэмэгдэхээр байна. Өөрөөр хэлбэл, 477,5 тэрбум төгрөгийг энэ өвөл түлшинд зарлагадахаар байгаа юм. Энэ мөнгийг өөр бодитой зүйлд зарцуулаач гэдэг шаардлагагыг бид тавьж байна. Улаанбаатар хотын хувьд гэхэд 6000 гаруй хүн ипотекийн зээл авахаар хүлээж байна. Энэ зээлээ санхүүжүүлж, иргэдийг орон сууцжуулахад тэрбумаар хэмжигдэх мөнгөө зориулмаар байна.
Засгийн газраас санал оруулаад, НИТХ шууд баталлаа. БНХАУ-аас хагас кокс, асаагч оруулж ирнэ гээд шийдчихсэн байна. Гэтэл энэ нь бас л хууль зөрчиж байгаа юм. Тендерийн тухай хуульд зааснаар сонгон шалгаруулалт зарлах ёстой. Гэвч хүч түрж, асуудлыг баталж байгаа нь хуулиа уландаа гишгэсэн асуудал болж байгаа юм” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.