Ойрын хэдэн долоо хоногт “Korean Air” компаниар үйлчлүүлж буй зорчигчдоос онгоцонд суухаас нь өмнө нэмэлт алхам хийхийг шаардаж магадгүй байна. Гэхдээ энэ бодлого нь хэн нэгнийг биеийн жингээр ялгаварлан гадуурхах, тодорхойлохтой огт холбоогүй гэж компанийн зүгээс нэн тэргүүнд мэдэгдсэн. Угтаа “Korean Air” компани бол онгоцны жингийн мэдээллийг үе үе авч байх шаардлагатай дэлхийн олон агаарын тээврийн компаниудын нэг аж. Тус агаарын тээврийн компанийн зарласнаар уг хөтөлбөрт Гимпогийн олон улсын нисэх онгоцны буудлаас наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 3 хүртэл, Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаас есдүгээр сарын 8-19-ний хооронд хөөрөх зарим аялагч хамрагдана гэнэ.
Зорчигчид болон ачаа тээшний жинг хэмжихдээ нэрийг нь нууцалж, дараа нь тухайн улсын Газар, дэд бүтэц, тээврийн яамд мэдээлэх юм байна. Гэхдээ зорчигчид биеийн жингээ мэдээлэхийг хүсэхгүй тохиолдолд заавал хамрагдах албагүй аж. Зарим аялагчдад жингээ хэмжүүлэх нь тухгүй байж болох ч энэ шийдвэрийг агаарын тээврийн компаниуд гаргадаггүй, харин засгийн газрын агаарын тээврийн зохицуулагчид ихэвчлэн шаарддаг байна.
Жишээ нь энэ оны эхээр “Air New Zealand” компани Окленд болон Нью-Йоркийн JFK хоорондын хэт холын нислэг гэх мэт олон улсын чиглэлд нисдэг зарим үйлчлүүлэгчдийнхээ дунд дээрхтэй төстэй хөтөлбөр хэрэгжүүлсэн. Авиа компаниуд мэдээлэл цуглуулсны дараа агаарын тээврийн компаниудад түлшний хэрэгцээ болон онгоцны жингийн хуваарилалтын талаар шийдвэр гаргахад тусалдаг гэж албаныхан хэлжээ.
Эх сурвалж: CNN