-Энэ 7 хоногт нийгмийн анхааралд өртөж, шүүмжлэл дагуулсан онцлох сэдвээс танилцуулъя-
МАН-ЫН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА АЛБАН БУСААР ЭХЭЛЛЭЭ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ боловсролын салбарт хийхээр зорьж байгаа ажлуудаа энэ 7 хоногт танилцууллаа. Тэрээр энэ жилээс эхлээд багшаар сурсан оюутнуудын төлбөрийг төрөөс даана гэж мэдэгдлээ. Энэ бол боловсролын салбарыг уналтанд оруулах, сурлагын чанарыг бууруулах харалган шийдвэр гэж олон нийт буруутгаж байна.
Ингэхээс ч өөр аргагүй юм. Өнөөдөр багш мэргэжлээр суралцах оюутнуудын төлбөрийг авсан онооноос нь хамааруулаад 100 хүртэлх хувиар чөлөөлж байгаа. Шалгалтаа маш сайн өгсөн, чадварлаг элсэгчид нь төрөөс дэмжлэг үзүүлж ирсэн гэсэн үг. Гэтэл Ерөнхий сайд төлбөрийг нь хавтгайруулж өгнө гэж хэлсэн нь оновчтой шийдэл биш байлаа. Нэгдүгээрт, хамгийн өндөр оноотой оюутнууд л багшаар суралцах ёстой. Хэрвээ элссэн хүн бүрийг багшаар үнэ төлбөргүй сургана гэвэл сургалтын чанарыг улам л дордуулсан алхам болно. Харин үүний оронд багш нарынхаа хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлвэл гадагшаа хар ажил эрхлэхээр явж байгаа багш нарын урсгал буурна. Эх орондоо багшаар ажиллах сонирхолтой залуус нэмэгдэнэ. Гэвч төр шийдвэрээ эсрэгээр нь гаргаж, боловсролын чанарыг улам л бууруулах амлалт, шийдвэрүүдээ танилцуулж байна. Ерөнхий сайдын энэ алхмыг “Эрх баригчдын сонгуулийн сурталчилгаа албан бусаар эхэллээ” хэмээн дүгнэж болохоор. Тэд ирэх сонгуулиа угтаад аманд орсон бүхнээ дур зоргоороо ярьж байна. Багшаар төлбөргүй сургах биш, харин цалингаа л нэмчих. Ингээгүй тохиолдолд залуус багшаар сурч төгссөн ч ямар нэг аргаар Солонгос руу, эсвэл өөр улсууд руу ажил хийж мөнгө олохоор явсаар, цуварсаар байх болно. Нэмээд хэлэхэд, МАН-ын, Засгийн газрын мөнгө гэж байхгүй. Татвар төлөгч бидний л мөнгө гэж бий.
-Б.ЧОЙЖИЛСҮРЭНГ ОГЦРУУЛЪЯ-
Засгийн газар орон сууцны зээлээ зогсоож, төсвөө харамлаж байгаад, тэр мөнгөөрөө Хятадаас нүүрс авъя гэж хорлонтлоо. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн огцрох болзлоо хангалаа гэж олон нийт бухимдаж байна. Учир нь, Улаанбаатар хотын утааг бууруулах нэрийдлээр БНХАУ-аас 177 тэрбум төгрөгөөр хагас кокс, асаагч худалдаж авах саналыг Засгийн газар гаргаж, НИТХ-ын хурлаар батлуулж авсан. Ийм их хэмжээний мөнгийг Нийслэл хот бонд гаргаж, өр тавьж байж Хятадаас нүүрс авна. Иргэдээ түлшний туршилтанд оруулж, 100,100 тэрбумаар мөнгө зарлагадахын цаана хэний эрх ашиг нуугдаж байна вэ?
Өнөөдөр ипотекийн зээлийн санхүүжилт зогсож, олон зуун зээлдэгч банкны үүд сахиж байна. Энэ зээлийг олгохдоо өмнөх зээлийнх нь эргэн төлөлтөөр санхүүжүүлдэг. Энэ онд 340 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэнээр ийм хэмжээний зээлийг айл өрхүүдэд олгох боломжтой. Гэвч зээл хүсэж байгаа эрэлт нь энэ мөнгөнөөс хоёр дахин их байна. Салбарын яамны тооцооллоор, жилд 500 орчим тэрбум төгрөгийг орон сууцны ипотекийн зээлд зарцуулбал эрэлтээ хангах боломжтой. Гэвч 200 гаруй тэрбум төгрөг дутаж байна. Энэ мөнгийг улсын төсөв дээр батлуулах хүсэлтийг Сангийн яаманд тавьдаг ч баталж өгдөггүй байна.
Энэ мэтээр Засгийн газар утааг бууруулах жинхэнэ бодитой ажлаасаа төсөв харамласан мөртлөө Хятадаас нүүрс худалдаж авч, утаа гаргах шийдвэрээ Засгийн газар дэмжиж байна. Тэд яг юуны төлөө, ямар санаархалтай ажиллаад байна вэ?
ЭХЛЭЭД ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН Д.СУМЪЯАБАЗАРТ ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ, ДАРАА НЬ АВЛИГА ХОРООЛЛЫГ НУРААЯ!
Улаанбаатар хотын Сэлбэ голын хамгаалалтын бүсэд барьсан “Акуа” гарден хотхоны хоёр блок барилгыг нураана гэж хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн. Олон нийт ч нураа гэж шаардах боллоо. Гэтэл энд анхаарах нэг өнцөг байгаа юм. Акуа гарден хотхоны зөвшөөрлийг олгоход хотын гурван ч дарга оролцсон байдаг. Хамгийн сүүлийн зөвшөөрлийг нь одоогийн засаг дарга Д.Сумъяабазар өөрөө өгсөн. Ингээд тооцвол голын сав газарт хууль зөрчиж барилга барих эрх өгсөн хотын дарга өөрөө хариуцлагаа үүрэх ёстой. Огцрох учиртай. Хотын дарга өмнө нь ч Акуа гарден хууль зөрчөөгүй гээд Ерөнхий сайдад ярьж явсан баримт бий.
Тиймээс өнөөдөр хувийн өмчийг нурааж, хохирооно гэж дайрахаасаа илүү зөвшөөрөл өгсөн хүмүүстэй бид хариуцлага ярих учиртай. Нураа гэж турхирахаасаа илүү шүүх шийдвэр гаргаагүй байхад хувийн хэвшлийн өмчид халдаж болох уу гэдгийг бодох ёстой. Хотын дарга ч би нураагаад хаячихна гээд яриад суух ямар ч үндэслэлгүй юм. Ийм ч учраас энд ганцхан л зам байна. Барилга бариулсан, хууль зөрчөөгүй гэж худлаа ярьсан хүмүүстэй эхлээд хариуцлага ярьцгаая!!!
Бичлэгийг дээрээс үзнэ үү.