Дуучин Бритни Спирс нэг жил ханилсан нөхрөөсөө салж буй мэдээ энэ долоо хоногийн хэвлэлүүдийн онцлох сэдвүүдийн нэг байсан. Тэдний салалтын мэдээг даган олон цуу яриа үүссэн юм. Тэгвэл дуучин бүсгүй энэ талаар анх удаа ам нээж “Цаашид тэсвэрлэж чадахгүй болсон” гэжээ.
Харин түүний нөхөр, хувийн дасгалжуулагч Сэм Ашгари салах өргөдөл өгөхдөө “Ялгаатай байдлаас болсон” гэх шалтгаан бичсэн байсныг хэвлэлүүд мэдээлсэн юм. Тэрбээр тэтгэмж болон хууль, эрх зүйн туслалцааны төлбөрийг дуучин бүсгүйгээр төлүүлэхийг хүсэж байгаа аж.
Өдгөө 41 настай Бритни Спирс Сэм Ашгаритай зургаан жил үргэлжилсэн харилцаа нь дуусах болсонд "бага зэрэг цочирдсон" гэдгээ шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцсан байна.
Инстаграм хуудаснаа тэрбээр "Үнэнийг хэлэхэд энэ асуудал хэнд ч хамааралгүй учраас учрыг нь тайлбарлах шаардлагагүй байх аа. Би хэтэрхий удаан хугацаанд дүр эсгэж амьдарлаа. Та бүхэнд инстаграмаар харж байгаа бүхэн чинь төгс юм шиг харагддаг байх. Үнэн хэрэгтээ огт өөр байдгийг бид бүгд мэддэг гэдэгт итгэлтэй байна. Би үнэхээр юу мэдэрч байгаагаа, сэтгэл хөдлөл, нулимсаа харуулахыг хүсэж байна, гэхдээ яагаад ч юм би үргэлж өөрийн сул талаа нууж ирсэн. Би чадах чинээгээрээ хүчтэй байх болно" гэжээ.
Эх сурвалж: BBC