Редакцын бус нийтлэл
Шүгэл үлээгчид юу хэлэв…
Засгийн газар авлигын эсрэг “5Ш” ажиллагаа, тэр дундаа авилгын талаарх мэдээллийг түгээх, илчлэхийг дэмжих “Шүгэл ажиллагаа”-г зарлаж ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоор Ажлын хэсгийн ахлуулаад хагас жилийн нүүр үзлээ.
Энэ хооронд шүгэл үлээгчид зүгээр суусангүй. Шүглийн дуу хангинасаар байна. Гэвч шүгэлдэхийг уриалсан Засгийн газар нь огт сонсохгүй сууна. Яагаад?
Шүгэл үлээж буй хүмүүсийн анхааруулга, шаардлага, илчлэл дунд нэгэн Хятад компанийн нэр байнга шахуу дурдагдаж байгаа нь анхаарал татна. Норинко гэх Хятадын төрийн өмчийн, зэвсгийн үйлдвэрлэл эрхэлдэг гэх компани Монголын уул уурхай, нүүрсний салбарт ноёрхлоо тогтоочихоод байна. “Нүүрсний хэрэг” гэгч нь нэг Хятад компани нөгөөгөө Монголын нүүрсний зах зээлээс шахаж гаргахын тулд бужигнуулсан, үүндээ монголчуудыг ашигласан гэх санаа ч цухалзуулж байгаа юм.
Ингээд шүгэл үлээсэн хүмүүсийн илчлэлийг толилуулъя.
ШҮГЭЛ 1
Жиргээч Амарын Баярхүү. @bayarhuu
"Norinco бол Хятадын хамгийн том зэвсгийн үйлдвэр. Зүүн Цанхид оператор хийдэг. Сая нүүрс угаах үйлдвэрийн тендерт ганцаараа шахуу ороод ялчихлаа. ҮАБЗ амьд уу? … Нүүрс ухсан ч Норинко. Үйлдвэр барьсан ч Норинко. Явсаар байгаад, Эрдэнэс Тавантолгойг бүхэлд нь Хятадын зэвсгийн үйлдвэрт өгчихөж байгаа юм биз дээ?! Үндэсний аюулгүй байдал бла бла нь хаачсан юм бэ?"
ШҮГЭЛ 2
Эдийн засагч М.Чимэддорж (Ардчилсан нам)
"БНХАУ-ын төрийн өмчийн оролцоотой “Норинко Интернэшнл” компани 2022 онд "ЭТТ" ХК-тай байгуулсан хоёр удаагийн гэрээгээр нийт 5.920.000 тонн нүүрс худалдан авах бартерийн гэрээ байгуулсан байна. Энэ гэрээний ард хэн, ямар төсөл байна вэ? Нэг тонн нүүрсийг хэдэн доллараар үнэлсэн бэ гэдэг мэдээлэл нь алга байна. АТГ энэ гэрээг ил болгооч. Нүүрсний хулгай гэдэг чинь зөвхөн урьд өмнө байсан юм биш, одоо ч гэсэн хулгайн нүүрсийг зөөсөөр байгаа юм бишүү?"
Норинкотой байгуулсан хоёр удаагийн гэрээний дүн (Хятадын бирж дээрх коксжих нүүрсний үнээр тооцвол) 1,5 тэрбум доллар буюу таван их наяд төгрөг. Гэтэл гэрээ байгуулсан компанийн асуудал бас “но”-той. “ЭТТ” компанид төрөөс томилогдсон БЭТ сонсголын үеэр “Норинко интернэшнл” бол Хятадын 100 хувь төрийн өмчит компани гэж мэдэгдсэн. Гэтэл тийм биш гэдгийг баримтаар няцаая.
Энэ компани Шинжааны хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компани байна. Хувьцааны 43,17 хувийг “Чайна Норт индастрис куперишн” гэх зэвсгийн үйлдвэрлэл эрхэлдэг Хятадын төрийн өмчит компани эзэмшдэг. Энэ компани өмнө нь олон улсын хоригт орж байсан. “Иранд пуужингийн технологи нийлүүлсэн” гэдэг үндэслэлээр өнгөрсөн аравдугаар сард АНУ дахиад хоригт орууллаа. “Норинко интернэшнл”-ийн хувьцааны 13,69 хувийг охин компани нь болох “Чайна Норт индастрис техноложи” компани эзэмшдэг. Компанийн хувьцааны 60 орчим хувийг Хятадын төрийн өмчит дээрх хоёр компани эзэмшдэг. Үлдсэн 40 гаруй хувь нь жижиг хувьцаа эзэмшигчдэд байна. Компанийн зах зээлийн үнэлгээ нь 1 тэрбум орчим ам.доллар. Гэтэл Монголд байгуулсан бартерийн гэрээ нь 1,5 тэрбум доллар байгаа юм.
Үргэлжлэл бий…