УИХ-ын гишүүн, Шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарын 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөлтэй холбоотойгоор иргэд ҮХЦ-д хандаж байна. Уг хуулийн төсөлд гадаадын аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд давуу эрх олгож, Монгол Улсын иргэн 15 жилээр газар эзэмшиж, ашиглаж байхад гаднын аж ахуйн нэгж, хуулийн этгээд 100 жилээр /60+40 жил/ ашиглах эрх авдаг гаж тогтолцоо бий болгох оролдлого, хуйвалдааныг явуулсан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, дүгнэлт гаргаж өгнө үү хэмээн ҮХЦ-д хандаж байна.
Энэ талаар АН-ын гишүүн П.Галиндэв “Энэ бол маш ноцтой асуудал юм. Өнөөдөр Монгол улсын Үндсэн хууль зөрчигдөж байна. Монгол улсын тусгаар тогтнолд Монгол хүн бүрийн эрх ашиг, язгуур эрх нь хөндөгдсөн асуудал үүссэн. Одоогоос сар гаран хугацааны өмнө буюу наадмын өмнө Монгол улсын шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар гэгч Хөрөнгө оруулалтын тухай гэх хууль санаачилсан. Тус хуулийн 16.1.1 дэх заалтад “Монгол улсын газар нутгийг гадаадын аж ахуй нэгж, хуулийн этгээдэд 100 жилээр өгч, ашиглуулж болно” гэсэн заалт орсон. Энэ заалтыг баяр наадам гээд монголчуудын зарим нь мэдээгүй өнгөрсөн. Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн маш олон заалтыг зөрчсөн.
Хоёрдугаарт, Монгол улсын оршин тогтнохуйн үндэс болсон газар нутгийг 100 жилээр эзэмшинэ гэж монгол хүнд олгогдоогүй эрхийг гаднын хуулийн этгээдүүдэд өгөх хууль санаачилсан. Энэ хуулийг Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар санаачлаад, Эдийн засгийн байнгын хороогоор хүртэл хэлэлцүүлсэн.
Та бүхэн санаж байгаа бол Ч.Хүрэлбаатарын тухай бичлэг гарсан. Ресторанд ажлын бус цагаар хятад иргэдтэй хоол идээд сууж байсан. Зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд очоод сурвалжлахад “Би хөрөнгө оруулагчидтай уулзаж байна” гээд БНХАУ-ын иргэдээ бултуулаад гарч байсан. Яг тэр үйл явдлаас хэдхэн хоногийн дараа Эдийн засаг, хөгжлийн сайд өөрөө боловсруулаад “Монгол улсын газар нутгийг 100 жилээр гадаадын иргэд аж ахуй нэгжид өгч болно” гэдэг хуулийг санаачилсан. Энэ хууль бол Газрын тухай хууль, Үндсэн хуулийн маш олон зүйл заалтыг зөрчиж байгаа юм.
Тухайлбал, Монгол улсын иргэд 0.7 га газар авах Үндсэн хуулиар эрхтэй. Гэтэл Монгол улсын иргэд эрхээ эдэлж байна уу. Ихэнх нь газраа авч чадаагүй. Монгол хүн Үндсэн хуулиараа олгогдсон Монголын газар нутаг Монгол хүний өмч байна гэдэг хуулийн заалт хэрэгжихгүй байна. Авч байгаа нэг нь 5-10 жилээр л авч байна. Гэтэл яагаад гадаад улсын иргэн 100 жилээр авах эрхтэй болдог юм бэ. Гаднын улсын иргэн 100 жилээр, Монгол улсын иргэн 15 жилээр газар эзэмшиж байвал энд гадаадын иргэдэд давуу байдал үүснэ. Энэ нь хөрөнгө оруулалтын хууль, бизнесийн хууль гэхээсээ илүү Монгол улсын газар нутгийг гаднынханд бэлэглэж байгаа, колоничлолын эдийн засаг үүсгэж байгаа маягийн хууль байна. Тиймээс Монгол улсын иргэд бид эсэргүүцэж байна.
Үндсэн хуулийн цэц бол хуулиараа 14 хоногийн дотор хариу өгөх ёстой. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүн байдаг. Эдгээр хүмүүс хэлэлцээд, хууль зөрчсөн эсэхээр бидэнд дүгнэлт гаргаж өгөх ёстой. Энэ бол илт хууль зөрчсөн асуудал” гэсэн юм.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.