Улаанбаатарт уруйн үер буух эрсдэлтэй 75 бүс байна гэж Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төв болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтран гаргасан судалгаагаар тогтоогдсон ба үүний 20 нь өндөр эрсдэлтэй бүс гэжээ. Мөн шар усны үер буух эрсдэлтэй гурав, голын үер буух эрсдэлтэй найман байршил байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Нийслэлд голын үерийн найман бүс, шар усны үер буух гурван байршил байна. Уруйн үерт өртөх суурьшлын бүс 75 байна. Хамгийн өндөр эрсдэлтэй байгаа Нарангийн гол, Баруун, Зүүн салаа, Сэлбэ гол, Улиастайн гол зэрэг байршлыг илүү тодотгож байгаа.
Өндөр эрсдэлтэй 20 байршилд цаг уурын автомат систем суурилуулна. Энэ нь хоёр цагийн өмнө дохио мэдээлэл өгөх ба онцгой байдал, цагдаа гэхчлэн холбогдох алба хаагчид анхааруулан сэрэмжлүүлэх, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллана” гэв.