2023 оны 7-р сарын 25-ны өдөр 80 дахь удаагийн Венецийн Олон Улсын Кино Наадмын захирал Алберто Барбера тус наадмын Оризонти уралдаант хэсэгт Монгол найруулагч П. Лхагвадуламын “СЭР СЭР САЛХИ” (CITY OF WIND) бүрэн хэмжээний уран сайхны киног сонгож буйг дэлхий нийтэд зарласан.
“СЭР СЭР САЛХИ” (CITY OF WIND) уран сайхны кино тус найруулагчийн анхны бүрэн хэмжээний кино бүтээл бөгөөд түүнийг Английн кино урлагийн мэргэжлийн нэр хүнтэй Screendaily сэтгүүл 2023 онд хамгийн их хүлээлттэй 18 залуу найруулагчийн нэгээр нэрлэсэн. Киноны зураг авалтыг 2022 оны 9-12 сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан ба зураг авалтад Монгол, Франц, Португалийн нийт 80 гаруй уран бүтээлчид ажиллан, 200 гаруй гол ба туслах дүрүүд, олны хэсгийн жүжигчид, урлагийн сургуулийн оюутнууд оролцон тоглосон.
Найруулагч П. Лхагвадулам тэрээр “Сэр Сэр Салхи” бүтээлийнхээ талаар “Энэ кино нь өвөг дээдэс, онгод тэнгэрийн ерөөл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгөө хайсан залуу зайрангийн эгэл түүх юм. Энэхүү бүтээлээрээ нэг талаас өнөөдрийн Монголын маш хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд залуу хүн хэрхэн Монголын соёлын нэг хэсэг болох бөөгийн соёлыг тээнгээ өсөж, сурч, амьдарч буйг харуулахыг зорьсон. Нөгөө талаараа орчин үеийн Монголын нийгмийн олон талт байдал, зөрчлийг гаргах гэхээсээ илүү янз бүрийн амьдралын түүхээр дамжуулан Монголын нийгмийн нийлмэл дүр төрхийг өгүүлэхийг хичээсэн. Бас энэ киног миний эх орныхоо төлөө өргөж буй "ерөөл" гэж үзэж болно. Учир нь гол дүрүүд маань хэд хэдэн удаа хангай дэлхийдээ цай сүүнийхээ дээжийг өргөж байгаа хэсэг гардаг бөгөөд энэ нь найруулагч миний эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө ерөөж буй илэрхийлэл юм “ гэлээ.
Тус кино 2023 оны 10-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулж, киног үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна. Мөн киноны олон улсын түгээлтийг Бельгийн BEST FRIEND FOREVER болон Францын ARIZONA DISTRIBUTION байгууллагууд хариуцаж байна.
Дэлхийн А зэрэглэлийн кино наадмуудын нэгд зүй ёсоор тооцогддог Венецийн Олон Улсын Кино Наадамд анх удаа Монголын найруулагчийн бүтээл албан ёсны хөтөлбөрт сонгогдон, наадмын дээд шагнал болох “Алтан Арслан”-гийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон нь Монголын кино урлагийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх үйл явдал юм.