Дуучин Бритни Спирс болон түүний нөхөр Сэм Ашгари нар салах болсон талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ.
Тэд өнгөрсөн оны зургаадугаар сард гэрлэлтээ батлуулж байв. Түүний нөхөр нь жүжигчин. Мөн хувийн дасгалжуулагч хийдэг. Бие биеэсээ ялгаатай байдал нь тэдний салах шалтгаан болсон гэжээ. Тодруулбал, Сэм Ашгари өөрийн инстаграм хуудаснаа “Зургаан жилийг хамтдаа аз жаргалтай, хайр дүүрэн өнгөрөөсний эцэст бид ийм шийдвэрт хүрсэн. Бидний харилцаа нэгнээ хүндэтгэсэн хэвээр байна. Би түүнд бүх л сайн сайхныг хүсэж байна. Харамсалтай нь олон нийт хувийн орон зайг маань хүндэтгэхгүй бололтой. Тиймээс та бүхэн болон хэвлэлийнхэн бидний хувийн амьдралд эелдэг, зөөлөн хандахыг хүсэж байна” гэжээ.
Хосууд анх 2016 онд Бритни Спийрсийн дууны клипэнд тоглож байхдаа танилцаж байсан юм. Карьерынхаа оргил үед ч сэтгэл зүйн хувьд дарамт ихтэй байсан Бритни Спирс 2021 онд 13 жилийн дараа асран хамгаалагчийнхаа хяналтаас чөлөөлөгдсөн буюу өөрийнхөө санхүү болон бусад асуудалд бие даан шийдвэр гаргах эрхтэй болсон. Үүнээс хэдэн сарын дараа найз залуутайгаа гэрлэсэн ч ийн өндөрлөж байна.
Эх сурвалж: CNN