Холимог тулааны тамирчин О.Пүрэв агсны гэр бүлд туслах хандивын аян эхлээд 14 хоногийн хугацаа өнгөрч байна. Түүний найзууд, спорт клубын тамирчид гэр бүлийг нь орон сууцтай болгохоор нэгдсэн юм. Бид энэ талаар “Гаруда ММА” клубын багш, тамирчин Б.Гантогтохоос тодрууллаа.
Хандивын аян эхлээд 2 долоо хонож байна. Явц хэдэн хувьтай байна?
Сэтгэлийн хандив эхэндээ эрчтэй яваад 60 хувьд хүрсэн. Сүүлийн 2,3 хоног зогсонги, гацсан байдалтай байна. Талийгаачийнхаа ажил явдлын үеэр ар гэрийнхэнтэй нь уулзаад, эхнэрийнх нь сэтгэл зүйн байдал, хүүхдүүдийг нь хараад тусалъя гэж шийдсэн. Айлын хашаанд гэрт нэлээн хүнд харагдсан л даа. Нэр хүндтэй, чадварлаг, үлгэр жишээ тамирчин байсан. Бид бүхэн тэр хүнээс маш их юм суралцаж байсан. Түүнийхээ хариуд ядаж ар гэрийг нь орох оронтой болгочихъё гэж клубынх нь найзууд санаа нэгдээд аян өрнүүлж эхэлсэн.
Одоо гэр нь байгаа тэр орчимд байр судлахад 80 сая орчимд нэг өрөө байр авч болохоор санагдсан. Одоогоор хандивын мөнгө 60 саяд хүрээд жаахан гацчихсан байна. Одоо 20 сая төгрөг цуглачихвал аян маань амжилттай болох гээд байна.
“БИД ТҮҮНЭЭС ИХИЙГ СУРСАН”
Хажууд байгаа хүмүүстээ үлгэр дууриалал болдог, бэлтгэлээ 100 хувь хийдэг, бүх юманд нямбай ханддаг. Үнэнч шударга. Тэр хүнээс маш их зүйл сурсан даа. Хэзээ ч бэлтгэлийг 80,90 хувьтай хийдэггүй. Заавал тултал 100 хувь хийдэг. Тэгж байж сэтгэл нь ханадаг. Сахилга бат нь үнэхээр гайхалтай. 1 ширхэг тамхи татах нь байтугай. Гадуур гуанзны хоол иддэггүй байсан. Заримдаа бид бэлтгэл, тулаан амжилттай тарсан үед ресторанд хоолонд оръё, баяраа тэмдэглэе гэхээр заримдаа бүр нэгддэггүй байсан. Тэр нь сахилга бат сайтай тамирчин байсан гэдгийг харуулж байгаа юм л даа.
ГАРУДА КЛУБЫН ТАМИРЧИН Т.МӨНХ: БАЙРТАЙ Л БОЛЧИХ ЮМ САН ГЭЖ ЯРЬДАГ БАЙСАН. ХҮСЛИЙГ НЬ НАЙЗУУД НЬ БИЕЛҮҮЛЭХЭЭР ХИЧЭЭЖ БАЙНА.
О.Пүрэв маань гайхалтай сайн, үлгэр жишээ тамирчин байсан. Ямар ч юмыг халтуурддаггүй. Ямар ч юманд чин сэтгэлээсээ хандана. Худал зан байдаггүй. Баярлаж байгаа нь хүртэл ил. Бэлтгэлээ сайн хийдэг шигээ амьдралын төлөө тэгж зүтгэдэг байсан.
Миний найзын ярьдаг байсан хүсэл нь. Ядаж ганц байртай болчих юм сан гэдэг байсан. Энэ нь өнгөрснийх нь хойно ч гэсэн үр хүүхдэд нь үлдээсэй гэж бодоод хандив цуглуулаад явж байгаадаа маш их баяртай байна.
Маш их хүн дэмжиж байгаа. Дэмжсэн бүх хүнд баярлалаа. Жаахан дэмжлэг дахиад хэрэгтэй байгаа. Байртай болгоход маш ойрхон ирсэн байна. Та бүхэн сэтгэлээрээ дэмжээрэй гэж хэлье” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.