НҮБ-аас 2023 оны Олон улсын залуучуудын өдрийг “Залуучуудын байгальд ээлтэй ногоон ур чадвар: Ээлтэй дэлхий ертөнцийг бий болгохын төлөө” сэдвээр зохион байгуулах уриаг дэвшүүлсэн.
Үүнтэй уялдуулан “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход залуусын бүтээлч хамтын оролцоо” залуучуудын хөгжлийн үндэсний есдүгээр чуулганыг Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Залуучуудын эвсэл ТББ болон бусад төр, иргэний нийгмийн байгууллагууд хамтран 2023 оны наймдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах юм.
“Монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд иргэний нийгэм, хувийн хэвшил, төр, олон улсын байгууллагын түншлэлд суурилсан залуучуудын оролцоог хангах нь" зорилгыг дэвшүүлж, чуулган угтсан урьдчилсан хэлэлцүүлгүүдийг 2023.08.03-24-ний хооронд нийслэл, аймаг, дүүргийн хэмжээнд талуудын оролцоотойгоор зохион байгуулж байна.
Өнөөдөр чуулган угтсан 3 дахь дэд хэлэлцүүлгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зохион байгуулж, залуучуудын хөгжил, оролцоог дэмжихэд залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг, оролцоо, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ, залуучуудын хөгжлийн талаар тулгамдсан асуудал шийдвэрлэх арга зам зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэхүү дэд хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг Залуучуудын хөгжлийн үндэсний есдүгээр чуулганд хэлэлцүүлэх баримт бичигт тусгах бөгөөд залуучуудын чиглэлээр ажилладаг төр, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөл, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн гишүүд, залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэлийн төлөөлөл болсон залуучууд танхимаар болон цахимаар оролцлоо.