Сүүлийн жилүүдэд ургамлын тоосны харшилтай хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна. Статистик мэдээллийг харвал Монгол улсын хэмжээнд 5 хүн тутмын нэг нь ямар нэгэн зүйлээс харшилтай гэсэн судалгааны дүн гарсан байна. Улаанбаатар хотод амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68.3 хувь нь шарилж, лууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлын тоосонд, 31.6 хувь нь гэрийн болон агуулахын тоосны хачиг, жоом, хөгцний мөөгөнцөр зэрэг тасалгааны аллергинд тус тус мэдрэгшсэн гэдгийг НЭМҮТ-ээс мэдээлж байсан.
Ургамлын тоосны харшил ихэссэн энэ үед иргэд фэйсбүүк болон амнаас ам дамжсан зөвлөгөө мэдээллийн дагуу өндөр тунтай дусал, эмчилгээ хийлгэх нь ихэссэн байна. Бид харшлын үед ямар эмчилгээ хийлгэх, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар АӨСҮТ-ийн Арьс, харшлын ахлах зэргийн эмч Д.Мөнгөнтүлхүүрээс тодрууллаа.
Тэрээр “Амьсгалын замаар орж ирж, харшил үүсгэж байгаа харшлыг ургамлын, амьтны үс ноосны харшил, гэрийн тоосны харшил гэж ангилж болно.
Хоол боловсруулах эрхтээр орж ирдэг төрөл нь идэж, ууж буй хоол хүнснээс харшилж болно. Мөн эмийн бэлдмэл, ахуйн хэрэглээний вок саван, төмөр эдлэл зэргээс харшилж болно. Зуны улиралд агаарт ургамлын тоос цацагдсантай холбоотой ургамлын тоосны харшилтай хүмүүст харшлын зовуурь шинж тэмдгүүд түлхүү илэрч байна. Хамгийн түгээмэл илрэх шинж тэмдэг нь амьсгалж байгаа агаараар харшил төрүүлэгч орж ирж байгаа учраас амьсгалын дээд зам хамгийн эхлээд өртөнө. Хамар битүүрнэ, найтаана, шингэн нус гоожно. Нүдний салст дээр аллерги болох ургамлын тоос бууснаар нүд улайна, загатнана, нулимс гоожих зэрэг шинж тэмдгүүд хамгийн түгээмэл илэрнэ.
Ургамлын харшил нь хэдэн сард агаарт тоосоо цацдагаас хамаараад, хэдэн сард ямар ургамалд харшилтай хүмүүст зовуурь илрэх вэ гэдэг нь өөр байдаг. Дөрөв, тавдугаар сард агаарт модлог ургамлын тоос цацагдаж, модлог ургамалд харшилтай хүмүүст дөрөв, таван сард дээрх зовууриуд илэрнэ. Одоо наадмын дараагаас агаарт хогийн ургамлын тоос, шарилжийн тоос их цацагдаж, шарилжийн харшилтай хүмүүсийн зовуурь наадмын дараагаас эхлээд, есөн сарын дунд үе хүртэл үргэлжилж болно. Наймдугаар сард ид хогийн ургамал шарилж, лууль, халгай, таван салаа гэх мэт хогийн ургамлуудын харшил хөдөлдөг үе юм.
Бүх дүүргийн эмнэлгүүд дээр арьс, харшлын эмч байдаг. Арьсны өвчин судлалын үндэсний төв бол улсын хэмжээнд бүх аймаг, дүүргийн хэмжээнд харшлын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эхлээд мэргэжлийн эмчид хандах ёстой. Танд хамар битүүрэх, найтаах, нус гоожих, нүд улайх, загатнах шинж тэмдэг илэрсэн бол эхлээд эмчид үзүүлж, шинж тэмдэг, зовууриа хэлнэ. Үүний дараа эмч шаардлагатай бол ургамлын харшлыг оношлох сорил, шинжилгээ хийлгэж болно.
Сорил шинжилгээг цусаар болон арьс хатгах сорил гээд хоёр төрлийн шинжилгээ ихэнх эмнэлгүүдээр хийгдэж байна. Манай эмнэлэгт цусны сорил шинжилгээ, арьс хатгах сорил хийдэг. Гэхдээ яг ургамлын харшлын зовуурь, шинж тэмдэг илэрсэн үед арьс хатгах сорил хийвэл зовуурийг ихэсгэх аюултай байдаг учраас ид хөдөлж байгаа үед хийхгүй гэх заалттай. Эмчид үзүүлж, зовууриа хэлээд, шаардлагатай бол ургамлын харшлыг оношлуулсны дараа эмийн эмчилгээ болон баримтлах дэглэм хийнэ. Жоргүй олгодог хамрын цацлага болон харшлын эмүүд байдаг. Тухайлбал, нафазолин гэдэг хамрын дусаалга болон цацлага байна. Ксезолин гэдэг хамрын дусаалга болон цацлага байдаг. Энэ нь насны ангилалтай. 2-6 насны хүүхэд хэрэглэх, 6-аас дээш насны хүмүүс хэрэглэх гээд. Эдгээрийг эхний ээлжид хамар битүүрч байгаа үед хэрэглэж болно. Гэхдээ удаан хугацаагаар дур мэдэн эмчилгээг үргэлжлүүлж болохгүй. 5-7 хоног хэрэглэхэд аюулгүй. 5-7 хоног хэрэглэж байгаад мэргэжлийн эмчид үзүүлж, ямар эмчилгээ хийхээ шийднэ. Эмийн бэлдмэл бол манай ард иргэд хамгийн сайн мэддэг хлорфенамин түгээмэл байдаг. Жоргүй олгодог учраас хлорфенамин эмийн бэлдмэлийг хэрэглэж болно. Үүнийг 0 сартайгаас хэрэглэх боломжтой учраас бүх насныхан хэрэглэхэд аюулгүй бэлдмэл юм” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.