Хоёр, гурав дахь шатлалын эмнэлгээс үйлчилгээ авч байгаа иргэд харьяа өрхийн эмнэлгээсээ 13А маягтыг заавал авч очих шаарддаг. Энэ нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна. Учир нь, энэ сарын нэгнээс маягт шаардах үйлчилгээ улам нэмэгдэж, иргэд цаг алдаж, эмнэлгээс эмнэлгийн хооронд явж байгаагаа учирлалаа. Бид өчигдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт очиход иргэд “14 хоноод л 13А маягтын хүчинтэй хугацаа дуусаж байна. Ингээд дахин дахин явж маш их цаг алдаж байна. Энэ хооронд өвчтэй хүний өвчин нь хүндрээд, эрүүл мэндэд нь эрсдэл гарвал яах вэ” гэцгээж байлаа.
ИРГЭД: ЭМНЭЛЭГ ДОТРОО ӨӨР ЭМЧИД ҮЗҮҮЛЭХЭД ХҮРТЭЛ 13А МАЯГТ ШААРДАЖ БАЙНА
Зарим тасагт 13А маягт шаарддаг бол зарим нь шаарддаггүй. Жишээлбэл, иргэн гурав дахь шатлалын эмнэлгийн дотор, мэдрэлийн эмчид үзүүлэх бол өрхийн эмнэлгээсээ заавал бичгээ авч очих ёстой. Харин Чих, хамар, хоолойн тасагт үзүүлэх бол 13А маягт шаардлагагүй. Гэтэл үнэн хэрэгтээ өмнөхөөсөө улам илүү хүндрэл гарах боллоо гэж иргэд тайлбарлаж байлаа. Тэд хэлэхдээ “Чих, хамар, хоолойн тасагт үзүүлэхээр нарийн зураг авахуул гэж байна. Томографийн зураг авахуулах гэсэн чинь 13А авчирж байж очероо бичүүл гэж байна. Бас, дотроо өөр тасгийн эмчид үзүүл гэсэн бичиг хийж өгөхөд бас л хороондоо очиж бичиг авах шаардлагатай болж байна” гэж байлаа. Өөр нэг иргэн “Би үзүүлэхийн тулд хоёр долоо хоног нааш цааш явж байна. Энэ хооронд миний өвчин хүндэрвэл яах вэ? Урд нь бид нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхдээ утсаар цаг аваад л ирж болдог байсан. Гэтэл одоо заавал өрхөөр дамжиж цаг алддаг боллоо. Хүндрэл чирэгдэл асар их нэмэгдлээ. Өрх дээрээ очиж үзүүлээч гээд байх юм. Гэтэл тэнд чинь зураг авхуулах нарийн мэргэжлийн аппарат, тоног төхөөрөмж байхгүй шүү дээ” гэцгээж байлаа. 13А,13Б маягтууд иргэдэд ч, эмч нарт ч чирэгдэл учруулж байгаа учраас үүнийг яаралтай өөрчилж өгөхийг иргэд хүсэж байна. “Сайд нь энэ асуудлаа эргэн хараасай” хэмээн эмнэлэгт дугаарласан иргэд бухимдаж байлаа.
П.ОЮУНЦЭЦЭГ: ИРГЭД ӨРХИЙН ЭМНЭЛЭГТЭЭ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ МӨРТЛӨӨ ГУРАВ ДАХЬ ШАТЛАЛЫН ЭМНЭЛЭГ РҮҮ ЯВААД БАЙДАГ
Энэ асуудлыг бид Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэгээс бид тодрууллаа. Тэрээр “Эмнэлгийн тусламж үйлчилгээг анхан шат руу түлхүү чиглүүлэхэд бид анхаарч байгаа. Иргэд өрхийн эмнэлэг дээрээ эхлээд үзүүлж, тусламжаа авах ёстой. Гэтэл шууд хоёр, гурав дахь шатлалын эмнэлэгт ирж ачаалал нэмж байгаа нь буруу. Шаардлагагүй үед эмнэлэгт хэвтэж байгаа тохиолдол их байна. Үүнийг шийдэх хөшүүрэг нь 13А маягт” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Видео сурвалжилгыг дээрээс үзнэ үү.