НАТО-гийн гишүүн Польш улс 1920 онд ЗХУ-ын армийг ялсны баярыг тэмдэглэж, хамгийн сүүлийн үеийн зэвсгээ харуулсан томоохон парад зохион байгууллаа. Энэ нь тус улсад хүйтэн дайнаас хойш болсон хамгийн том цэргийн парад болж буй юм. Мөн уг парад хөрш Украинд дайн өрнөж, тус улсад батлан хамгаалахын асуудал голлон хэлэлцэгдэж буй үед болж байгаагаараа дэлхий нийтийн анхаарлыг татлаа. 1920 онд Варшавын тулалдаанд Польш улс Зөвлөлт Холбоот Улсын Улаан армийг ялсны 103 жилийн ойг тохиолдуулан энэхүү Зэвсэгт хүчний баярын жагсаал болж байгаа аж.
Орос, Украины дайн эхэлсэн нь Польшийн эрх баригчдыг зэвсэгт хүчнээ бэхжүүлэхэд хзргэсэн гэж шинжээчид хэлж буй. Ингэж зэвсэгт хүчнээ харуулах нь Польшийн аюулгүй байдлаа сахихад чиглэж буй томоохон арга хэмжээ гэдгийг хэвлэлүүд мөн тодотгож байна.Польшийн ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Анжей Дуда арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Манай зүүн хил, Европын холбоо, НАТО-гийн хилийг хамгаалах нь өнөөдөр Польшийн төрийн нэн тэргүүний ашиг сонирхол болж байна” гэсэн юм. Парапын үер АНУ-д үйлдвэрлэсэн Абрамс танк, HIMARS артиллерийн хөдөлгөөнт систем, Патриот пуужингийн системийг нийслэлийн гудамжаар жагсаж байхыг харахаар 35 хэмд хүрсэн халуунд ч үндэсний цагаан, улаан туг мандуулсан олон түмэн цугларчээ.
Мөн F-16 сөнөөгч онгоц, БНСУ-ын FA-50 сөнөөгч онгоц, К9 их бууг үзүүлжээ. Польш эдгээр дэвшилтэт сөнөөгч онгоцуудыг худалдаж авч байгаагаа ийн харуулсан байна. Мөн Польшид үйлдвэрлэсэн зэвсэг төхөөрөмж, түүний дотор Краб их буу, Росомак хуягт тээвэрлэгч зэрэг зэвсгүүд Польшийн парадад үзэгджээ.
Эх сурвалж: AL JAZEERA