Индонезийн нийслэл Жакарта хот хамгийн их агаарын бохирдолтой хотоор өнгөрсөн долоо хоногт өдөр бүр бичигдсэн юм. Зарим иргэд астматай болж, амьсгалуур байнга авч явах шаардлагатай болсноо BBC агентлагт хуваалцжээ.
Тус улсын ерөнхийлөгч Жоко Видодо агаарын чанар муудаж байгаагийн улмаас төрийн албан хаагчдыг хэсэг хугацаанд гэрээс нь ажиллуулахаар болжээ. Жакартад өнгөрсөн долоо хоногт PM2.5 бохирдлын тоосонцрын агаарт байх агууламж нь Рияд, Доха, Лахор зэрэг бохирдол ихтэй хотуудаас давсан гэж Швейцарийн агаарын чанарыг үнэлдэг IQAir компани мэдээлсэн. Тус компани өдөр бүр томоохон хотуудын агаарын бохирдлыг хэмжиж, мэдээлдэг аж.
Жакарта хот нь тавдугаар сараас хойш дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын тоонд тогтмол орж байна. Жакарта хот болон түүний ойр орчмын бүс нутагт 30 сая хүн амьдардаг аж. Орон нутгийн эрх баригчид агаарын бохирдлыг хуурай уур амьсгал болон тээврийн хэрэгслээс ялгаруулж буй утаатай холбон тайлбарлаж байна. Тэд тун удахгүй тээврийн хэрэгслүүд болон жолооч нарт холбогдох шалгалт хийхээр болжээ.
Ерөнхийлөгч Жоко Видодо нь цаг уурын мэргэжилтэн, албаныхныг хиймэл бороо оруулах ажлыг яаралтай судлахыг үүрэг болгосон байна. Мөн хотын захиргаанаас төрийн албан хаагчдын талыг нь гэрээс ажиллуулахаар хэлэлцэж байгаа бол хувийн хэвшлийнхнийг ажлын байр, гэр хосолсон ажлын арга барилыг бодож үзэхийг уриалжээ.
Эх сурвалж: BBC