Сэтгэл зүйч Б.Маралгуагаас гэр бүл төлөвлөлтийн талаар тодрууллаа.
Гэрлэлтэд тохирох насыг судлаачид одоо хүртэл тогтоох гээд олж чадаагүй байгаа. 28,30 нас хүрчих юм бол гэр бүл зохиох, хүүхэдтэй болоход бэлэн болсон гэсэн үг биш. Тухайн хүн өөрөө сэтгэл санаа бие махбод, санхүү, боловсрол нь гээд өөрт хэрэгцээт мэдлэгийг бүрэн олсны дараа гэр бүл зохиох эсэхээ хувь хүн өөрөө шийдэх ёстой.
Биологийн нас жилээр тооцогдож явдаг ч сэтгэл зүйн нас тэгж тооцогддоггүй. Түүнийг хүмүүс сайн мэддэггүйгээс шалтгаалж, 25 хүрэнгүүт л “Хүнтэй суу, оройтлоо” гэх мэтээр шаардаад байдаг. Энэ маш буруу ойлголт.
Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд насанд хүрчихвэл хүнтэй суух нас болсон гээд бодлоо тулгадаг. Тэр дарамт шахалтаас үүдэн залуучууд сонголтоо буруу хийх, цаашлаад хүүхэд өнчрөх асуудал хүртэл гарч байна. Тиймээс гэр бүлийн аз жаргал, үүрэг хариуцлагын талаар үлгэр дуурайлал үзүүлж, хэлж үглэхээс илүү хүүхдийнхээ орон зайг хүндлэх хэрэгтэй.
Бид дотно хүмүүстээ хил хязгаар тавьж чаддаггүй. Танихгүй хүмүүс амьдралд зөвлөвөл өөрийгөө хамгаалж чаддаг ч эцэг эх, хамаатан садан, ялангуяа настай хүмүүс зөвлөхөөр хүлээж авдаг. Жишээ нь, “Миний эмээ эсвэл ээж болохоор зөвлөх ёстой. Аав учраас мэргэжил болон хань ижлийг маань сонгох сонголтод нөлөөлж болно” гээд эрүүл зөв хил хязгаар тавьж чаддаггүй.
Мөн сошиал орчин дээр өөрийнхөө бодлыг бүдүүлгээр хэн нэгэнд тулгаж заналхийлэх тохиолдлууд бий. Тухайн хүн хүсэж, тэр хүнээс асуулт асуугаагүй тохиолдолд сонголт, хувийн амьдралтай нь холбоотой асуудлыг хэлэх шаардлагагүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хүүхэдтэй болох боломжгүй гэр бүл цөөнгүй байдаг. Тэр тохиолдолд хүмүүс хүүхэдтэй болооч, оройтлоо гээд гэр бүлийн амьдралд нь оролцдог. Гэрлэлт ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх түлхүүр биш. Хүүхэдгүй ч гэсэн хоёр хүн гэр бүл мөн шүү дээ. Нийгмийн зүгээс үзүүлж байгаа хүчирхийллийг зогсоож зөвөөр ойлгодог байх хэрэгтэй. Бусдын хувийн орон зайг хүндэлж, хүний эрхийн мэдрэмжтэй байх хэрэгтэй байна даа.
Л. Бүжээ