Голын ай сав, голдиролд баригдсан барилга, байгууламжуудаас энэ зуны үерийн гамшиг дээр гамшиг нэмсэн, олон нийтийн анхаарал, шүүмжлэлийн төвд байгаа 3 жишээг онцолж байна.
1. Сэлбэ голын ай савд баригдсан S Outlets дэлгүүр Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр иргэн Д.Батзоригт 2009 оны 05 сарын 27-ны өдрийн 275-р захирамжаар “Автомашины засвар үйлчилгээ” зориулалтаар анх Сэлбэ голын ай савд 576м2 газар олгожээ. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулсан 19 гишүүнтэй комисс үйлчилгээний зориулалт бүхий барилгыг 2015.10.14-ний өдөр хүлээн авсан байна. НЗД-ын санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа 2015 оны А/990 дугаартай захирамжаар газрын хэмжээг 2,409 м.кв болгон 5 дахин нэмэгдүүлсэн бол НЗД-ын 2022 оны А/1626 дугаар захирамжаар зориулалтыг нь “Худалдаа үйлчилгээ” болгон тус тус өөрчилсөн. S outlets дэлгүүрийн барилгыг ашиглалтанд хүлээн авсан улсын комисс нь 19 хүний бүрэлдэхүүнтэй, дарга нь Т.Эрдэнэтуяа. Тухайн үед Нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийн газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны даргаар ажиллаж байсан. Нарийн бичгийн дарга нь М.Дунгармаа НЕТГ-ын Хот байгуулалт, дэд бүцийн хяналтын албаны мэргэжилтэн. НЕТГ-ын Барилгын хяналтын инженер Д.Жүрмэддорж, архитектор Б.Нямдаваа, Нийслэлийн Онцгой байдлын газрын Барилга, зураг төсөл хариуцсан байцаагч Л.Тэгшбаяр нарын зэрэг 19 хүнээс бүрдэж байжээ.
2. Туул голын ай сав дахь Ривер-Вилла “Ривер вилла” хотхоныг 2021 оны 10 сарын 01-ний өдөр Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас зохион байгуулсан 40 гишүүнтэй улсын комисс хүлээн авсан. Захиалагч нь иргэн С.Нямдаваа, гүйцэтгэгч “Босоо цамхаг” ХХК, барилгын зураг зохиогч “Эгэл” ХХК, эзэмшигч нь “Маршал комфорт” ХХК. Нийслэлийн засаг дарга М.Энхболд 2002, 2003, 2004 онд, НЗД Д.Сумъяабазар 2022 онд газар олгожээ. Амины орон сууцны зориулалтаар газар авсан атлаа орон сууцны хотхон барьсан байтал улсын комисс хүлээж авсан. Комиссын дарга нь С.Төмөрдулам, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга. Нарийн бичгийн дарга нь Ж.Жүгдэрмаа НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч. НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Энхсайхан, байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ч.Энхчимэг, УСУГ-ын менежер Т.Баасанхүү, ОБЕГ-ын Барилгын зураг төслийн хяналтын тасгийн дарга Б.Мягмаржав нарын зэрэг 40 хүний бүрэлдэхүүнтэй комисс хүлээн авсан. Энэ өргөн бүрэлдэхүүнтэй комисс архитектур төлөвлөлтийн даалгавар нь амины орон сууцны зориулалтаар гарсан байтал орон сууцны хотхон барьж хууль, журам зөрчсөнийг үл хэрэгсэн ашиглалтанд хүлээн авсан байна.
3. Дунд голын ай савд баригдаж байсан “Акуа гарден” Нийслэлийн засаг дарга Э.Бат -Үүл 2013 А/951 захирамжаар “Эм Энд Жи ХХК-нд 2013.10.18-ны өдөр ногоон байгууламж гэх зориулалтаар анх газар олгосон. Хотын дарга асан С.Батболд 2018 А/1111 захирамжаар үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор, Д.Сумъяабазар 2022 А/17 захирамжаар худалдаа, нийтийн үйлчилгээ, цогцолбор, орон сууцны зориулалтаар газар олгосон байна.