Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсын залуучуудын дундах ажилгүйдлийн түвшин энэ зургаадугаар сард түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Тодруулбал, Хятадын 16-24 насныхна дунд ажилгүйдлийн түвшин 21.3 хувьд хүрсэн юм.
Тус улсын үндэсний статистикийн товчоо мягмар гарагт "Ажиллах хүчний судалгааны статистикийг улам боловсронгуй болгож, оновчтой болгох шаардлагатай гэж үзэн, энэ сараас эхлэн насны бүлэгт хамаарах ажилгүйдлийн мэдээллийг гаргахгүй” гэж мэдэгджээ. Үндэсний статистикийн товчооны хэвлэлийн төлөөлөгч Фу Линхуй хэвлэлийн бага хурал дээр "Энэ наймдугаар сараас эхлэн залуучууд болон бусад насны бүлгийн ажилгүйдлийн түвшинг улс даяар гаргахыг түр зогсооно" гэж хэлсэн байна. Энэ үзэгдлийг шинжээчид Хятадын "Ковид-19"-ийн дараах эдийн засгийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна.
Түүнчлэн өнгөрсөн сард Хятад улс хоёр жилийн дараа анх удаа дефляцид орсон юм. Харин улс даяарх ажилгүйдлийг түвшин зургадуур сард 5.2 хувьтай байсан бол долоодугаар сард 5.3 хувь болж өссөн байна. Сүүлийн долоо хоногуудад эдийн засгийн удаашрал нэмэгдэж буйг олон үзүүлэлтүүд харуулж байгаа тул тохирох бодлого, төлөвлөгөө гаргах шаардлагатайг эдийн засагчид хэлж байгаа юм. Гэвч одоогоор эрх баригчид хувийн секторыг бодитоор дэмжих боломж, нөхцөл байдал харагдахгүй байгаа гэдгийг шинжээчид мөн хэлж байна.
Эх сурвалж: KOREATIMES