Хятадын гадаад хэргийн сайд Ли Шаньфу ОХУ болон Беларусьт хийх зургаан өдрийн айлчлалаа Даваа гарагт эхлүүлсэн гэж Хятадын батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч хэллээ.
Ли Шаньфу нь олон улсын аюулгүй байдлын Москвагийн бага хуралд илтгэл тавьж, Орос болон бусад орны батлан хамгаалах салбарын удирдагчидтай уулзах төлөвлөгөөтэй байна. Уг бага хуралд ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров мөн илтгэл тавина.
Тэрбээр “Дэлхийн олон улс орон өрнөдийн механизмаас гадуурх хөгжлийн арга замыг эрэлхийлж байгаа ба үүнд шинэ хэлбэрийн олон талт холбоог бэхжүүлэх багтаж байна” гэсэн тодорхой сэдвийн хүрээнд илтгэнэ гэж Тасс агентлаг мэдээллээ.
Олон улсын аюулгүй байдлын Москвагийн бага хуралд 100 гаруй орны төлөөлөгч, найман олон улсын байгууллага уригдсан байна. Тэд Евро-Атлантын нөлөөллийн эсрэг олон талт хамтын ажиллагааны боломжуудыг голлон хэлэлцэнэ гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин “Орос, Хятадын удирдагчид стратегийн харилцаагаа бэхжүүлсээр ирсэн. Тэд шинэ эрин үе дэх цогц хамтын ажиллагаагаа цаашид ч нэмэгдүүлнэ” гэж онцолсон. БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин энэ оны гуравдугаар сард ОХУ-д айлчилсан бол тус улсын гадаад хэргийн сайд Ван И мөн энэ оны хоёрдугаар сард ОХУ-д айлчилсан. Харин энэ удаагийн батлан хамгаалахын сайдынх нь айлчлал БНХАУ-ыг ОХУ-ыг дэмжиж буйн илрэл болж байна гэж зарим шинжээчид дүгнэж байна.
Эх сурвалж: ALJAZEERA