Монголын ихэнх их, дээд сургууль хичээлийн шинэ жилийн эхэнд улирлын сургалтын төлбөрөө бүтнээр нь авдаг. Энэ нь шинэ оюутнуудад хүндээр тусаж байна. Төлбөрөө хувааж төлөх боломж бүрдүүлэх хэрэгтэй байна гэж тэд ярьсан юм. Ялангуяа орон нутгийн оюутнууд амьдрах орон байр, бусад хэрэглээ гээд гэртээ байдаг оюутнуудаас илүү зардал гаргадаг учраас санхүүгийн хүндрэл тулгардаг байна. Хэрэв төлбөрөө бүтэн төлж чадахгүй бол сургуулиасаа чөлөө авах, эсвэл хичээлээ дутуу сонгож үзэх, улмаар цаг хугацаа алдаж хохироход хүрдэг байна.
Энэ талаар МУИС-ийн хоёрдугаар түвшний оюутан “Ихэнх оюутан сургалтын төлбөрөө хувааж төлөх хүсэлтэй байгаа гэж бодож байна. Зарим нэгд нь нэг дор төлөх амар ч байж болох юм. Гэхдээ ихэнх оюутанд төлбөр төлөхөөс өөр хийх хэрэгтэй зүйлс маш их байдаг болохоор жаахан хугацаа өгөөд тал төлбөрөө авах гэх мэтээр зохицуулалт хийх хэрэгтэй” гэв.
МУБИС-ийн дөрөвдүгээр түвшний оюутан “Зарим тохиолдолд хөтөлбөрийн алба руу орж хүсэлт гаргавал хувааж төлөх боломж олгодог гэж байсан. Ер нь хувааж төлж байвал их зүгээр байна. Би гэхэд хөдөөнөөс ирсэн, малчин айлын хүүхэд. Малаар л мөнгө олдог учраас санхүүгийн хүндрэл гардаг”
ШУТИС-ийн гуравдугаар түвшний оюутан “Сургалтын төлбөрийг төлөх ёстой хугацааг бүгд мэддэг. Төдий хэмжээний мөнгө тэр үед хэрэг болно гэдгээ мэдэж байгаа, дээрээс нь сурч л байгаа юм чинь бүтэн төлөхөд асуудалгүй байх гэж бодож байна. Бүр боломжгүй оюутнуудад олон төрлийн зээл байгаа. Заавал төлбөрөө хувааж төлөх албагүй”
МУБИС-ийн оюутан “Энэ жил манай сургууль төлбөр бага зэрэг нэмэгдсэн. Төлбөрийн уян хатан нөхцөл их хэрэгтэй гэж бодож байна. Манай сургуульд хөдөө орон нутгийн хүүхдүүд их суралцдаг. Нэг дор дотуур байрны төлбөр, сургалтын төлбөр өгөх хэцүү юм шиг санагддаг” гэлээ.
Энэ талаар МУБИС-ийн сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга Д.Цэдэвсүрэн “Санхүүгийн шаардлагаар сургалтын төлбөрийг нэг дор авахаас аргагүй болдог. Үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд ийм шаардлагатай. Гэхдээ боломжоороо оюутнуудын нөхцөл байдлыг харгалзан зарим тохиолдолд хувааж төлөх боломж олгодог. Манай сургууль харьцангуй уян хатан нөхцөлтэй. Хамгийн бага төлбөртэй сургуулиудын нэг. Энэ жилээс инфляцаас шалтгаалан төлбөрөө нэмсэн. Гэхдээ тийм их нэмээгүй” гэсэн юм.
“15 КРЕДИТ СУДЛАХ ГЭТЭЛ 200 МЯНГАН ТӨГРӨГ ДУТЛАА”
МУИС-ийн III түвшний оюутан Л.Оюунгэрэл 2022 оны зуны турш ажил хийж мөнгө цуглуулсан байна. Гэвч түүний цалин 12 кредит хичээл үзэхэд хүрэлцэхгүй 200,000 төгрөг дутжээ. Ингээд 9 кредит хичээл судалсан байна. Түүний ээж дүү нарыг нь харж гэртээ суудаг тул орлогогүй. Аав нь ажиллаад ч их цалин авдаггүй. Гэр бүлийн хэрэглээний мөнгөндөө Оюунгэрэл өөрийн цалинг нэмэрлэсэн талаараа ярилаа. Өмнөх жилүүдэд нь сургалтын төлбөрийг нь төлөх зорилгоор аав нь цалингийн зээл авсан байсан тул гэр бүл нь санхүүгийн бэрхшээлд орсон байжээ. “Хэрэв сургалтын төлбөрийг хоёр хувааж төлж болдог байсан бол хичээлийн бус цагаар ажил хийж төлж болох байсан. Төлөвлөсөн хичээлүүдээ үзэх боломжтой болох байсан” гэлээ.
ШУТИС-ийн III түвшний оюутан Н.Сайханбилэгт мөн ижил зүйл тохиолджээ. Өнгөрсөн хаврын семестр түүний гэр бүлд байсан мөнгө үзэх ёстой хичээлийн төлбөрт хүрээгүй учир залгамж хичээлээ үзэж чадахгүйд хүрсэн. Үүнээс болж төгсөх жил нь нэгээр хойшилсон талаараа ярьсан юм.
ТӨРИЙН ӨМЧИЙН ЗУРГААН ИХ СУРГУУЛИЙН ТАВ НЬ 3,5 САЯААС ДЭЭШ ТӨЛБӨРТЭЙ
ХААИС-ийн нэг кредит 127,000-156,000 төгрөг, жилийн төлбөр 3,810,000-4,680,000 төгрөг
СУИС-ийн нэг кредит 89,000-120,000 төгрөг, жилийн төлбөр 2,670,000-3,600,000
МУИС-ийн нэг кредит 119,000-142,800 төгрөг, жилийн төлбөр 3,570,000- 4,284,000 төгрөг
АШУҮИС-ийн нэг кредит 130,000 төгрөг, жилийн төлбөр 3,900,000 төгрөг
ШУТИС-ийн нэг кредит нь 120 000-138 000 төгрөг, жилийн төлбөр 3,600,000-4,140,000 төгрөг
МУБИС-ийн жилийн төлбөр 2 340 000 төгрөг
Төрийн өмчит зургаан их сургуулийн нэг кредит хичээлийн төлбөр нь хөтөлбөр, түвшнээс хамаарч ийм үнэтэй. Оюутан дунджаар нэг хичээлийн жилд 30 кредит хичээл судлалаа гэж бодоход дээрх дүн гарч байна.
Охин нь жилд 3,500,000 төгрөгийн төлбөртэй их сургуульд сурдаг. Аавынх нь сарын цалин 1,000,000 төгрөг байлаа гэхэд энэ нь тухайн гэр бүлийн гурван сар гаруйн орлого юм. Гэтэл манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг байдаг.
Эдгээр тоо манай улсын их, дээд сургуулиудад сурлагын төлбөр төлөх уян хатан нөхцөл хэрэгтэйг харуулж байна.
Б.Аззаяа