АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсон хэмээн буруутгалаа.
Жоржиа мужийн тангарагтны шүүх 98 хуудас бүхий яллах дүгнэлт үйлдсэн ба 19 яллагдагч нэр холбогдож, нийт 41 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Шүүгдэгчдийг 20 хүртэлх жилийн ял ногдуулдаг гэмт хэрэгт буруутгаад буй юм. Яллагдагч нар нь Трампын ойрын хүмүүс байсан ба сонгуулийн үр дүнг хууль бусаар өөрчлөх гэж оролдсонтой холбоотой хэргүүдийг тэдний эсрэг үүсгэсэн байна.
Доналд Трампын нэр холбогдсон уг хэргийг хоёр жил гаруйн хугацаанд шалгаж байгаа юм. Энэ мэдээ түүний өрсөлдөгч нам болох Ардчилсан намынханд удахгүй болох сонгуулийн өмнөх таатай мэдээ болж байна. Тухайлбал, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан, Д.Трамптай 2016 оны сонгуульд өрсөлдөж, ялагдсан Хиллари Клинтон “Манай улсын ерөнхийлөгч байсан хүн ийм хэрэгт холбогдож байгаа нь харамсалтай. Шударга ёс ялна гэдэгт итгэж байна” гэжээ. Харин Д.Трамп өөрийнх нь эсрэг үүсгэсэн хэргийг “хуурамч” буюу албаар зохиосон хэрэг гэж үзэж байна.
Тэрбээр “Тэд яагаад намайг 2.5 жилийн өмнө буруутгаагүй юм? Учир нь тэд оновчтой цагаа хүлээж байсан. Яг одоо, миний сонгуулийн кампанит ажил ид өрнөх үеэр тэд зохиосон хэрэгтээ намайг буруутгаж байна” гэсэн юм. АНУ-ын хүн амын цөөнх, бэлгийн цөөнх, цагаач, шилжин суурьшигчид, хар арьст хүмүүс Ардчилсан намыг дэмжих хандлага өндөр байдаг. Харин Америкийн хотоос зайдуу амьдралтай, нийгмийн дундаж хэсэг Д.Трампыг буюу Бүгд найрамдахчуудыг дэмжих нь илүү байдаг гэж Америкийн эх сурвалжууд тодотгож буй. Тэр утгаараа, АНУ-ын ерөнхийлөгчийн болон завсрын сонгууль хоёр намын хооронд ээлжилсээр ирсэн. Гэвч 2016 оноос хойш Д.Трампыг нэг бус удаагийн “скандал”-д холбож, түүнийг унагах гэж оролдож буй нь хэр хүчтэй улс төрч гэдгийг нь харуулж байна гэж бүгд найрамдахчуудыг дэмжигчид илэрхийлдэг. Тэд энэ удаагийн хэргийг ч мөн Д.Трампыг ирэх жилийн сонгуулиас холдуулах гэсэн улс төрийн оролцоотой хэрэг гэж үзэж байна.
Эх сурвалж: AL JAZEERA