Архангай аймагт хүчтэй аадар бороо орсны улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамын таван ширхэг багана унаж, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн 54 суманд цахилгаан тасарчээ.
Тодруулбал, Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн Дэлийн-Өвөр гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 167 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км/-т наймдугаар сарын 13-ны өдрийн 22:55 цагийн орчим хүчтэй аадар бороо орж, 27 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас “Хархорин А,Б” 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683 дугаар хүртэл (5 ш) тулгуур багана унаж Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нийт 54 суманд цахилгаан тасарсан тухай наймдугаар сарын 14-ний өдрийн 10:06 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар хот, Архангай, Орхон, Өвөрхангай аймгийн салбаруудын ажилтнууд гэмтлийг засварлахаар ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотоос 5 тулгуур баганыг тээвэрлэн хүргэхээр замд явж байгаа аж.
Эх сурвалж: ОБЕГ