
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тактикийн пуужин үйлдвэрлэдэг гол зэвсгийн үйлдвэрүүдтэйгээ танилцан, зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай тушаасныг БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэлүүд мэдээллээ.
Тэрбээр сүүлийн үед зэвсгийн үйлдвэрүүддээ очиж, үйл явцтай нь танилцах нь ихэссэн юм. Түүнчлэн нэг бус удаа ийн зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг тушаагаад байна.
Энэ нь АНУ, БНСУ ээлжит цэргийн сургуулилтаа хийхээр бэлтгэж байгаа үед тохиож байгаа бөгөөд БНАСАУ-ын зүгээс дээрх сургуулилтыг заналхийлэл гэж үзэж буй. Хоёр өдөр дарааллан зэвсгийн үйлдвэрүүдээр явахдаа Ким Жон Ун “Солонгосын ардын армийн дайны бэлтгэлийг эрчимжүүлэхийн тулд зэвсгийн үйлдвэрүүд хүчин чадлаа нэмэх нэн шаардлагатай. Зэвсгийн үйлдвэрүүд маш том хариуцлага үүрч байгаа” гэж хэлснийг KCNA дамжуулжээ.
2019 онд Ким Жон Ун ба тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нарын дипломат харилцаа уналтад орсноор БНАСАУ-ын удирдагч цөмийн болон пуужингийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэхэд эрс анхаарч эхэлсэн. Улмаар 2022 он гарснаас хойш БНАСАУ-ын арми 100 гаруй удаагийн пуужингийн туршилт хийсэн юм. Эдгээр туршилтын дийлэнх нь АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтын хариу анхааруулга гэж БНАСАУ тайлбарлаж байгаа билээ.
Эх сурвалж: AL JAZEERA