Найруулагч Кристофер Ноланы Оппенхаймер кино дэлхийн II дайны тухай кинонуудаас хамгийн өндөр борлуулалттай кино болжээ.
Түүний найруулсан “Данкирк” болон Стивен Спилбергийн “Цэрэг Райныг аварсан нь” кинонууд уг амжилтыг эзэмшиж байсан бол нээлтээ хийгээд гурван долоо хонож байгаа тус бүтээл дэлхий даяар 559 сая ам.долларын орлого олоод байна.
Оппенхаймер кино Imax театрт дангаараа л гэхэд 114 сая долларын орлого олжээ. Маркетингаас хамааралгүйгээр гол дүрийн жүжигчид болон найруулагчдаасаа л өндөр хүлээлт үүсгэсэн тус кино нь дэлхийн II дайны үед атомын бөмбөг бүтээж буй Роберт Ж.Оппенхаймер хэмээх онолын физикчийн бодит амьдралын талаар өгүүлдэг.
Гурван цаг гаруй үргэлжлэх уг бүтээлд Оппенхаймерын амьдралын хамгийн эгзэгтэй, зөрчилдөөнтэй үеийг харуулдаг ба АНУ-ын Японы Нагасаки, Хирошимад хаясан бөмбөг, түүний учир шалтгааныг өгүүлснээрээ кино шүүмжлэгчдийг хоёр хэсэгт хуваагаад байгаа юм. Тус бүтээлийг хэт улс төрийн агуулга ихтэй байсан гэж нэг хэсэг нь үзэж байгаа бол нөгөө хэсэг нь улс төр л тухайн үеийн үйл явдлыг тайлбарлах гол учир шалтгаан байсан гэж сайшааж байгаа билээ.
Эх сурвалж: COLLIDER