Сүүлд тохиолдсон үерийн дараа ундны ус бохирдсон эсэх талаарх асуудал олны анхаарлыг татаж байна. Бид энэ талаар албаны хүмүүсээс тодрууллаа.
Улаанбаатар хотод болсон үерийн улмаас Нийслэлийн ундны усны эх үүсвэр бохирдсон уу гэх асуудал анхаарал татаж байна. Энэ талаар бид албаны эх сурвалжуудаас тодрууллаа.
ЭМЯ-ны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Золбоо: “Үерийн усны гамшиг тохиолдсоны дараа хөрсний ус ууж болохгүй. Зарим халдварын вирус орсон байдаг. Гар худаг, гүний худгийн усыг хэрэглэж болохгүй гэсэн үг. Найдвартай газраас буюу УСУГ-ийн түгээх байруудаас авч хэрэглэх хэрэгтэй. Мөн усыг түүхийгээр ууж болохгүй. Заавал буцалгаж хэрэглэнэ. Ундны ус хийдэг сав, хоол хадгалах сав, аягаа зориулалтын бодис, сода зэргээр ариутгах шаардлагатай” гэлээ.
Харин Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас “Ундны ус бохирдсон байх эрсдэлтэй” гэх мэдээллийг албан ёсны фэйсбүүк хуудастаа тавьсан. Гэхдээ төд удалгүй мэдээллээ өөрчилсөн юм. Энэ талаар тодруулахад “Бидний гаргасан сэрэмжлүүлэг хотын ундны ус бохирдчихсон мэт ойлголтыг өгч байгаа тул постерыг өөрчиллөө. Ер нь үерийн дараа усаар халдвар дамжих эрсдэл өндөр. Тиймээс бид иргэдийг ундны усандаа анхаараарай, сав суулгаа сайтар ариутгаарай” гэдэг үүднээс л сэрэмжлүүлэг хүргэж байгаа гэсэн юм. Мөн Ус сувгийн удирдах газраас тодруулахад “Манай байгууллага ердийн, стандарт хангасан ус түгээж байгаа. Үерийн улмаас ундны ус руу бохир ороогүй” гэх тайлбарыг өглөө.
Б.Аззаяа