Драгон авто тээврийн төвийг энэ сарын 21-ний дотор нүүлгэн шилжүүлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан Авто тээврийн Үндэсний төвийн Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.Дуламсүрэнгээс тодрууллаа.
-Драгон авто вокзалыг ямар шалтгаанаар нүүлгэж байгаа вэ?
Драгон авто вокзал Монголын хамгийн ачаалал бүхий хэсэг. Энгийн үедээ 5000 орчим зорчигчид үйлчилдэг авто буудал. Энэ оны тавдугаар сарын эхээр “Драгон Холдинг” ХХК засварын ажил эхлүүлсэн. Энэ засварын ажлыг урьдчилсан төлөвлөлт, зохион байгуулалтгүй эхлүүлсэнтэй холбоотойгоор даган гарах хүндрэлүүд маш их байсан. Тухайлбал, эргэн тойрны оршин суугчид, замын хөдөлгөөн зохион байгуулалт, тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөн зохицуулалтыг анхнаас нь төлөвлөж хийгээгүйгээс автобусууд орон сууцаар, нарийн гудамжаар орж, эргэх зэрэгт хүндрэл учирдаг. Үүнийг дагаад хотын замын хөдөлгөөнд асуудал үүсдэг. Драгон авто вокзалын одоо байгаа хэсэгт зорчигч урсгал, ачааллыг зохицуулах хангалттай талбай байхгүй. Дээрээс нь засварын ажил оруулж талбай улам хангалтгүй болсноос олон хүндрэлүүд үүсч байгаа. Зорчигчдын аюулгүй байдал, хөдөлгөөн зохион байгуулалтыг зөв хангах үүднээс нүүлгэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Наймдугаар сарын 21-нээс шинэ авто вокзал руу нүүж, тэнд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа.
-Олон улсын стандартаар авто вокзал хотын А бүсэд байх шаардлагатай байдаг. Шинэ авто вокзалын байршил зайдуу газар бий. Энэ талаар та мэдээлэл өгөөч.
Хотын А бүсэд байна гэхээс гадна, өөр стандартууд бий. Тухайлбал, үйлчилгээний цэгүүд, зогсоолын зай талбай, автобусны зогсоолын талбай зэрэг нь тодорхой зайтай байх ёстой. Драгон авто төв дээр эдгээр нь хангалттай байгаагүй.
Одоо нүүх вокзалдаа эдгээр стандарт шаардлагуудыг хангахын төлөө ажиллаж байгаа. Бидний нүүж орох газар Драгон вокзалаас тав дахин том байна. Зөвхөн автобусны зогсоолын хэмжээ л гэхэд хоёр дахин нэмэгдэнэ. Хүлээлгийн зай талбай өмнө нь 3000 орчим м.кв байсан бол 9000 м.кв болж байна.Аль болох иргэдийн тав тух, аюулгүй байдлыг хангахаас гадна, стандарт шаардлагад нийцүүлсэн авто буудлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Хотын А бүсэд авто вокзал байгуулахыг эрмэлзэж бид их судалсан. Гэвч одоогоор хотын дэд бүтэц ийм боломжгүй. Газар байхгүй. Тиймээс одоогийн Драгон авто вокзалаас хамгийн ойр боломжит талбайг сонгосон.
-Шинэ вокзалаас зөвхөн гурван чиглэлийн автобус явдаг. Энэ нь зорчигчдод ирж очиход хүндрэл учруулна гээд байгаа?
Шинэ авто вокзал төлөвлөж байгаа газар бол Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо буюу Номин Холдинг ХХК-ны талбай. Үүгээр дайран өнгөрдөг хотын нийтийн тээврийн таван чиглэл байгаа. Үүн дээр нэмээд хотын хойд, урд, баруун зүгүүдээс урьдчилсан төлөвлөлтөөр нийт зургаан чиглэлийг нэмж, эцсийн зогсоолыг нь оруулахаар төлөвлөөд байна.
Мөн АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос “Хууль бус тээвэр буюу гэрээгүй зорчигч тээвэрлэлт гэдэг нь иргэд хот хооронд зорчихдоо мөнгөөр хүн дайгаад аваад явахыг хэлж байгаа юм. Энэ бол хууль зөрчсөн асуудал. АТҮТ-ийн Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар энэ чиглэлээр хяналт тавьж ажиллаж байгаа. Цаашдаа ч мөн ажиллана. Сурталчилгааны чиглэлээр иргэдэд аль болох баталгаатай тээврийн хэрэгслийг сонгож зорчихыг зөвлөх ажлуудыг хийнэ. АТҮТ гэлтгүй Тээврийн цагдаагийн албатай хамтраад тогтмол хяналт шалгалтыг зохион байгуулж явдаг. Цаашдаа ч мөн хулгайн тээврийн асуудлаар хийж буй ажлуудаа нэмж, илүү хяналт тавих болно” гэв.
Б.Аззаяа