Дэлхийн дулаарлын эрин үе өнгөрч, дэлхий буцалж буй эрин үе эхэлснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнгөрөгч 7 сард зарласан. Дэлхийн нийт хүн амын дөрөвний нэг, Монгол Улсын нийт хүн амын гуравны нэгийг залуучууд эзэлдэг. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын ур чадвар, манлайлал нэн чухал билээ. Иймд “Ногоон ур чадвар” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэ жилийн Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан “НҮБ-ын Залуу төлөөлөгч – Байгаль орчны манлайлал 2023” хөтөлбөр албан ёсны нээлтээ хийж байна.
Байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах, шийдвэр гаргах түвшинд өөрсдийн дуу хоолойгоо хүргэх хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг чадавхжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, НҮБ-ын Нийгэмлэг НҮТББ-ын хамтаар “НҮБ-ын Залуу төлөөлөгч – Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийг 2023 оны 8 дугаар сарын 11-ээс эхлэн 4 сарын хугацаатайгаар хэрэгжүүлэх гэж байна.
НҮБ-ын Залуу төлөөлөгч хөтөлбөр нь дэлхийн 70 гаруй улсад хэрэгждэг бөгөөд Монгол Улсад 2022 оноос албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Анхны хөтөлбөрийн шилдэг оролцогчид Египет, Канад Улсуудад зохион байгуулагдсан НҮБ-ын олон улсын хурлуудад эх орноо төлөөлөн оролцсон юм.
“НҮБ-ын Залуу төлөөлөгч – Байгаль орчны манлайлал 2023” хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, технологи, хууль эрх зүйн салбарын 18-30 насны 30 залууг сонгон шалгаруулж 2 сарын хугацаанд дэлхийн болон бүс нутгийн, мөн улс орны хэмжээнд тулгарч буй уур амьсгал, байгаль орчны асуудал, тэдгээрийг шийдвэрлэх чиглэлээрх энэ салбарын экспертүүдийн сургалтад хамруулахаас гадна, баг болж бичил төсөл хэрэгжүүлэх боломжоор хангана. Энэ удаагийн хөтөлбөр байгаль орчны асуудлыг технологиор шийдэх санал, санаачилгад анхаарал хандуулж байгаагаас гадна байгаль орчны чиглэлээр мэргэших хуульч, эрх зүйчдийн дараагийн үеийг бэлдэж байгаагаараа онцлог юм. Дээрх чиглэлээр Монгол Улс дахь төр, хувийн хэвшлийн төлөөллөөс гадна Стэнфордын Их Сургууль, Калифорнийн Технологийн Сургууль, Виржиниагийн Политехникийн Их Сургууль зэрэг байгууллагууд болон АНУ, Шинэ Зеланд, Нидерланд, Сингапур, Япон зэрэг улсын судлаачид цахимаар болон биечлэн илтгэл тавина.
Хөтөлбөрийн нэгэн онцлог хэсэг нь залуучуудын дуу хоолойг олон улсын түвшинд хүргэх явдал юм. Энэ хүрээнд Local Conference of Youth буюу Залуучуудын уур амьсгалын олон улсын бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах албан ёсны эрхийг НҮБ-ын Нийгэмлэг авсан бөгөөд тус хурлаас гарсан үр дүнг Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцийн дэргэдэх олон улсын залуучуудын байгууллагаас гаргах тунхаг бичигт албан ёсоор хүргүүлнэ.
Хөтөлбөрийн шилдэг оролцогчид 2023 оны 11-12 сард Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдах Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 28 дугаар бага хуралд болон 2024 оны 2 сард Кени Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Байгаль орчны ерөнхий ассамблейд эх орноо төлөөлөн оролцоно. “НҮБ-ын Залуу төлөөлөгч – Байгаль орчны манлайлал 2023” хөтөлбөрийг Хас Банк, Монголын Ротари Клубүүд, Монголын Хуульчдын Холбоо, Ханнс-Зайделийн сан, НҮБ-ын Хүүхдийн Сан дэмжин ажиллаж байна.