МИАТ компани алсын зайд нислэг үйлдэх В787-9 агаарын хөлгөө өнөөдөр албан ёсоор хүлээн авлаа.
Хөлгийг "Meilan" нисэх буудлаас агаарын хөлгийн дарга Л.Баяржаргал, агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Ө.Амарбат, Б.Амарсанаа нар нисгэн, Улаанбаатарт амжилттай буулгасан ба “Хубилай хаан” хэмээн нэрлэжээ.
Тус хөлөг нь дэвшилтэт технологи ашигласан илүү үр ашигтай хөдөлгүүр, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй, тав тухыг дээд зэргээр хангасан гэнэ.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, “Дэлхийд мөрөөддөг онгоцыг Монголчууд эх орондоо газардууллаа. Хөлгийн нэг сарын түрээс нь 800 орчим мянган доллар, худалдаж авъя гэвэл 200 орчим сая долларын үнэтэй учир онгоцыг түрээсээр ашиглаж эхэллээ. Ирэх оны гуравдугаар сард хоёр дахь мөрөөдлийн онгоц Монгол улсад бууна” гэлээ.
МИАТ компани эхний ээлжид уг агаарын хөлгөөр Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа АНУ-ын чиглэлд нислэг үйлдэнэ гэв.
Т.Ариунзаяа