Агаарын хуурайшилтын улмаас үүсэж, хар салхины нөлөөгөөр эрчийг авсан түймэр Хавайн Мауи арал дээр гарчээ.
Уржигдар буюу наймдугаар сарын есөнд дэгдсэн уг түймрийн улмаас одоогоор нас барсан 53 хүн бүртгэгдээд байна. Цаашид энэ тоо нэмэгдэх магадлалтай байгаа талаар албаныхан мэдээлж байна. Эрлийн багийнхан сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг эрчимтэй явуулж байгаа юм.
Түймрийн улмаас шатахуун түгээх станцууд болон боомтуудын түлшний агуулахуудад дэлбэрэлт болж зуу зуун барилга сүйджээ. Лахайна мужийн иргэдийг тэр чигээр нь нүүлгэн шилжүүлсэн байна. Одоогоор таван хоргодох байр гаргасан ч хүмүүс нь багталцахгүй байгаа талаар албаныхан хэлжээ.
Оршин суугч Мейсон Жарви “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа " Миний харж байсан хамгийн аймшигт гамшиг тохиолдсон. Лахайна бүхэлдээ шатсан. Яг л галав юүлж байгаа мэт байсан" гэжээ.
Б.Аззаяа