Эх, нялхас, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төвийн “Дутуу тээлтийн тасаг”-ийн эрхлэгч О.Алтанзулаас тодрууллаа.
-Эмэгтэйчүүд ихэвчлэн ямар шалтгаанаар үр хөндүүлдэг вэ?
Хүсээгүй, төлөвлөөгүй жирэмслэлтээс шалтгаалан жилээс жилд үр хөндөлт буурахгүй байгаа. Ихэвчлэн 18-30 насныхан үр хөндүүлэхээр ирдэг. Тохиолдлын бэлгийн хавьталд орж жирэмсэн болох, түүнийгээ эцэг эхээсээ нуух зорилготой үр хөндөлт маш их бий. Зөвхөн манай эмнэлэг бус, улс даяараа үр хөндөлтийн ихэнх хувийг залуу охид эзэлдэг.
-Үр хөндүүлсний улмаас эх эндэх магадлал хэр байдаг вэ? Мөн анхны жирэмслэлт дээр үр хөндүүлбэл дахин жирэмслэх магадлал багасдаг гэж хүмүүс ярьдаг. Энэ үнэн үү?
Эх барихын мэс ажилбаруудаас үр хөндөлт нь хүндрэлтэй буюу эрсдэлтэй мэс ажилбарын тоонд ордог. Үр хөндөлт хийлгэсний дараах хамгийн түгээмэл хүндрэл нь цус алдах, үрэвсэл хавдраар өвчлөх, цаашлаад эх эндэх аюултай. Хэдий түгээмэл биш ч үр хөндөлт нь эх эндэх шалтгаануудын нэг мөн. Дахин жирэмслэлтийн хувьд хэрэв тухайн ээж маань үр хөндөлтийн хүндрэлээс шалтгаалан саваа авхуулсан бол дахин жирэмслэхгүй байх асуудал үүсдэг.
-Гадуур эмнэлгийн бус үр хөндөлт маш их байгаа гээд байдаг. Тэгвэл эмнэлгийн бус үр хөндөлт хийлгэнэ гэдэг нь эргээд ямар эрсдэлийг дагуулдаг вэ?
Эрүүл мэндийн сайдын тушаалаар хэвтэн эмчлүүлэх ортой, төрөх эмнэлгүүд үр хөндөлтийг хийхээр зөвшөөрөгдсөн байдаг. Тэдгээрээс бусад газарт хийгдсэн үр хөндөлт нь эмнэлгийн бус буюу аюултай үр хөндөлт болоод явчхаж байгаа юм. Эмэгтэйчүүд эмнэлэгт ирэхгүйгээр найз нөхдөөсөө асууж, фейсбүүк, олон нийтийн сүлжээгээр дамжуулан эм авах, аль эсвэл зах дээрээс худалдаж аваад эм авч уугаад хүндрээд эмнэлгийн байгууллагад ханддаг тохиолдлууд маш их байгаа.
Гэртээ цус алдах, цаашлаад амь нас нь эндэх магадлалтай эрсдэлтэй үйлдэл. Улсын статистик тоо баримтыг харвал сүүлийн 5 жилийн байдлаар жил тутам үр хөндөлтийн тоо буурсан үзүүлэлт гарсан ч эмнэлгийн бус үр хөндөлтийн хүндрэлээр эмнэлэгт хандах хүний тоо ихэссэн. Үүнээс харвал үр хөндөлт хийлгэж буй хүний тоо багасаж байна гэж хэлэх боломжгүй. Бид тийм хэргүүдийг цагдаагийн байгууллагатай хамтарч хаана, хэн эм худалдаалж буйг олж тогтоохоор ажилладаг.
-Үр хөндөлтийн тоо хэмжээнд цаг үеийн байдал нөлөөлдөг үү? Нэг жил их байгаад, дараа жил нь бага байх тохиолдол байдаг юм болов уу? Хэрэв өөр байдаг бол юу нөлөөлдөг байх гэж та бодож байна?
Үр хөндөлтийн тоо сүүлийн жилүүдийг харахад 12-15 мянгын хооронд хэлбэлзэж хэт ихсэж, багассан үзэгдэл байхгүй тул цаг үеийн байдал нөлөөлдөг гэж үзэхэд хэцүү. Ямар ч нөхцөлд үр хөндөлтийг заавал мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө авч, зөвшөөрөгдсөн газарт хийлгэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.
Б.Аззаяа