Өнөөдөр хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос Драгон авто вокзалыг нүүлгэн шилжүүлэхийг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд “Драгон төвийг нүүлгэснээр хулгайн тээвэр буюу албан бус, зөвшөөрөлгүй тээврийн тоо нэмэгдэнэ. Улмаар тээвэр эрхлэгч ААН-үүд хаалгаа барихад хүрнэ. Түүнчлэн иргэдэд хол газар ирж очиход зарлагын хувьд хохиролтой болж байна. Шинэ авто вокзалаас гуравхан чиглэлийн автобус явдаг. Олон улсын жишгээр авто тээврийн вокзал нь төмөр зам, хот доторх нийтийн тээврийн автобусаар аль болох цөөн дамжин хүрэх газарт буюу хотын А бүсэд байх шаардлагатай. Авто тээврийн үйлчилгээний ерөнхий стандартдаа ийм байдаг” хэмээлээ.
Драгон авто вокзалыг нүүлгэхтэй холбоотой хоёр хоногийн хугацаанд нийт 640 гаруй зорчигчдоос судалгаа авахад 90 гаруй хувь нь нүүлгэхийг эсэргүүцжээ.
Мөн одоогийн Драгон авто вокзалын өөрийн байр нь ямар ч төлбөргүй байсаар байтал Номин Холдинг ХХК-ийн ашиглагддаггүй агуулахад төлбөр төлж нүүх гээд байгааг гайхаж буйгаа илэрхийлсэн юм.
Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Сүх: “Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Драгон төвийг нүүлгэн авах гэж буй Номин Холдинг ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан нар хуйвалдаж байна гэж бид хардаж байгаа” гэсэн юм.
Б.Аззаяа
Бичлэгийг дээрээс үзнэ үү.