БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Пак Су Илийг чөлөөлж, дайнд бэлтгэх тушаал өгчээ. Тодруулбал, зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, цэргийн сургуулилтыг өргөжүүлэхэд анхаарч эхэлсэн гэдгийг БНАСАУ-ын төрийн хэвлэл болох KCNA мэдээлсэн байна.
Тэрээр энэ талаар Цэргийн төв зөвлөлийн хурлыг үеэр мэдэгдсэн бөгөөд энэ хурлаар БНАСАУ-ын дайснуудыг таслан зогсоохын тулд авах арга хэмжээнүүдийн талаар хэлэлцсэн ч “дайсан” гэж хэнийг хэлж байгааг тодорхойлоогүй байна.
Харин гэнэт чөлөөлөгдсөн Пак Су Илийн оронд генерал Ри Ён Гилыг томилжээ. Пак Су Илийг яагаад чөлөөлсөн шалтгаан нь тодорхойгүй байгаа бол Ри Ён Гил батлан хамгаалахын сайдын албан тушаалаа үргэлжлүүлэн хаших эсэх нь мөн л эргэлзээтэй байна. Ким Жон Ун зэвсгийн үйлдвэрлэлийн хүчин чадалдаа онцгойлон анхаарч байгааг KCNA тодотгосон. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт тэрээр зэвсгийн үйлдвэрүүдэд зочилж, пуужингийн хөдөлгүүр, их буу болон бусад зэвсгийг нэмэгдүүлэхийг уриалсан юм.
KCNA-ийн нийтэлсэн зургуудад Ким Жон Ун газрын зураг дээр Сөүл болон Өмнөд Солонгосын нийслэлийг тойрсон бүс нутгийг зааж байгааг харуулсан байна. БНАСАУ-ын удирдагч цэргийн хүчнээ байлдааны бэлэн байдалд байлгахын тулд тус улсын хамгийн сүүлийн үеийн зэвсэг, техник хэрэгслээр сургуулилт хийхийг мөн уриалсан байна.
Түүнчлэн ирэх сарын 9-нд БНАСАУ байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан цэргийн парад зохион байгуулах гэж байгаа юм. БНАСАУ-д цэргийн хүчээ бэхжүүлэхэд ашигладаг хэд хэдэн хагас цэрэгжүүлсэн бүлэг байдаг гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Нөгөө талд, АНУ болон Өмнөд Солонгос 8-р сарын 21-24-ний хооронд цэргийн сургуулилт хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд БНАСАУ үүнийг аюулгүй байдалд нь заналхийлж байна гэж үзэж байна.
Эх сурвалж: KCNA