Өнгөрсөн амралтын өдрүүдээр Лондонгийн Брик Лэйн дэх графити ханан дээр Хятадын залуу уран бүтээлчид хэд хэдэн уриа лоозонг улаанаар шүршиж будсан. Үүнд “Хөгжил цэцэглэлт”,”Эв найрамдал”,”Эх оронч үзэл” тэргүүтэй Хятадын социалист үнэ цэнийг харуулсан үгс багтаж байсан юм.
Эдгээр уриа лоозон нь Хятадад түгээмэл байдаг буюу гудамж талбай дахь ханын самбар төдийгүй телевизээр хүртэл гардаг аж. Гэвч Лондонд энэ нь мэдээж түгээмэл үзэгдэл байсангүй. Уг уриа лоозон Лондонгийн хамгийн алдартай графити гудамжны ханан дээр гарсан цагаас Англичууд болон Ши Жиньпиний дэглэмд шүүмжлэлтэй ханддаг Хятадуудад мөн таалагдсангүй. Энэ үйл явдал цахим сүлжээнд томоохон маргаан дэгдээгээд байна. Тодруулбал, Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарим дэмжигчид Хятадын залуу уран бүтээлчид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж байна гэж маргаж, Хятадын соёл, үнэт зүйлийг "харуулж" байна гэсэн бол шүүмжлэгчид тэднийг орон нутгийн гудамжны урлагийг устгаж, Коммунист намын суртал ухуулгыг дэмжсэн гэж буруутгаж байгаа юм.
Брик Лэйнд хүмүүсийн эсэргүүцэл маш хурдан өрнөж, Ням гараг гэхэд уриа лоозонгууд нь Ши Жиньпин болон Хятадын Коммунист намыг шүүмжилсэн шинэ граффитигаар бүрхэгдсэн байжээ.
Тухайлбал, "Тэгш эрх" гэдэг үгийн дээр хэн нэгэн Жорж Орвелийн "Амьтны ферм" романы алдартай мөрийг ашиглан "Гэхдээ зарим нь бусдаас илүү тэгш эрхтэй" гэж бичсэн.
Бусад нь "ардчилал", "эрх чөлөө" гэсэн үгсийн өмнө мөн үгүйсгэсэн утгатай үгс бичсэн бол зарим нь Хятадын засгийн газрын Хонконг, Шинжаан, Төвдийн талаарх бодлогыг эсэргүүцсэн байна. Уг үйл явдал барууны орнууд ба Хятадын маргааныг улам нэмэгдүүлэхэд хүргэсэн гэж хэвлэлүүд тодотгож байгаа юм.