Сайжруулсан шахмал түлш агаарын бохирдлыг бууруулахад үр дүн муутай байгаа учраас БНХАУ-аас хагас кокс, асаагч худалдаж авах асуудлыг ярьж эхлээд байна. Энэ асуудлыг өчигдөр НИТХ-аар хэлэлцлээ.
Нийслэлчүүдийг ирэх өвөл гал алдуулахгүйн тулд БНХАУ-аас 177.5 тэрбум төгрөгөөр хагас кокс, асаагч худалдан авч гэр хорооллын айл өрхүүдэд тараах чиглэлийг Засгийн газраас НИТХ-д хүргүүлжээ. Тэгвэл энэ нь агаарын бохирдлыг бууруулах шийдэл биш хэмээн НИТХ дахь ХҮН-ын бүлэг эрс эсэргүүцэж байна. НИТХ дахь ХҮН-ын бүлгийн дарга Д.Гантулга энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “177.5 тэрбум төгрөгийг энэ өвөл шууд утгаараа "шатаах", улс төр талаасаа 2024 оны сонгуулийг угтсан аргаа барсан арга хэмжээ, бизнес талаасаа Засгийн газрын түвшний хэн нэгэн эрхэмийн "шахаа" гэж хардаж байна. Энэ мөнгийг гэр хорооллын хөгжилд зориулах ёстой. Тодруулбал, гэр хорооллын инженерийн болон бусад дэд бүтэц, иргэдэд ая тухтай орон байр нийлүүлэх зэрэг агаарын бохирдлын үндсэн шалтгааныг шийдэх ажилд зарцуулах саналыг НИТХ дахь ХҮН намын бүлгээс гаргаж байна” гэлээ.