Нийслэл Улаанбаатар хот болон орон нутагт зургаагаас наймдугаар сард болсон үерийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Үүнтэй холбогдуулан үерийн гамшигт өртсөн өрх, иргэнийг нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамруулах, холбогдох хууль заасны дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгалаа.
Мөн гамшигт нэрвэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн бага хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамруулах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх замаар үйл ажиллагааг нь дэмжих талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.
Үүнээс гадна болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тэр дундаа үерийн эрсдэлтэй бүсэд газар олгосон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, цаашид газар олгохыг дүүргийн Газрын алба дангаараа шийдэх биш Геодез зураг зүйн газраас зөвшөөрөл авдаг болох эсэхийг судалж, наймдугаар сарын 11-ний Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт даалгалаа гэж Засгийн Газрын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Газраас мэдээлэв.