2019 оны байдлаар дэлхий дахинаа 970 сая хүн буюу нийт хүн амын найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй амьдарч байна. Үүнээс хамгийн түгээмэл тохиолдох эмгэг нь сэтгэл түгшилт, сэтгэл гутрал байгаа юм.
СЭТГЭЛ ТҮГШИХ ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД:
- Тухайн хүний сэтгэл тайван бус, түгшүүртэй байж, юунаас айгаад байгаагаа мэдэхгүй санаа зовно. Эсвэл нэг зүйл дутуу байгаа юм шиг мэдрэмж төрдөг.
- Бодол санаанд өөрчлөлт гарна. Өглөөнөөс орой унтах хүртлээ сөрөг бодлоор өөрийгөө хооллоно.
- Сэтгэл түгшилттэй, тайван бус үед эмзэг цочромтгой болдог. Энэ үед уурлахааргүй зүйлд уурладаг, өөрийн мэдэлгүй дотор бухимдал төрөх, амархан уйлдаг болох, амархан гомддог болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
- Хэт өрөвч, эмзэг болно. Дуу чимээнд дургүй болж, олон хүнтэй газраас төвөгшөөж эхэлнэ.
- Зүрх дэлсэж байгаа мэт мэдрэмж төрнө.
Сэтгэл түгших эмгэг үүсгэж байгаа шалтгаан нь архаг, хуримтлагдсан стресс. Бид амьд байгаа тохиолдолд стрессээс хол, ангид байна гэж байхгүй. Өдөр тутамд таатай, таагүй ямар нэгэн байдлаар стресст өртдөг. Стрессийг хүмүүс хүнд, том зүйл гэж боддог. Гэтэл маш энгийн байдаг. Сэтгэлд таагүй, тухгүй мэдрэмж төрүүлж байгаа бүх зүйл стресс. Халуун наранд удаан байх, даарсан ч, хоол холдож, өлсөж цангасан ч, ажлын хамт олны дунд санал зөрөлдсөн ч стресс. Стресст өртөх нь тодорхой учраас зөв тайлж сурах нь сэтгэл түгшилтээс сэргийлэх хамгийн зөв бөгөөд энгийн арга юм.
СТРЕССЭЭ ТАЙЛЖ БОЛОХ ЭНГИЙН АРГУУД:
- Өдөрт 20-30 минут хөлсөө гаргасан идэвхтэй хөдөлгөөн хийх.
- Сэтгэлд хэцүү байгаа, таагүй зүйлсээ өөрийнхөө итгэдэг, хайртай дотны хүнд ярьж хэвших.
- Унтахаасаа өмнө 5-10 минут зарцуулаад, тухайн өдрийнхөө өөрт төрж байгаа мэдрэмжийг бичиж тэмдэглэвэл стресс тайлагдах боломжтой.
- Энэ бүхэн үр дүн өгөхгүй бол мэргэжлийн эмчид хандах нь зүй.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам