Ирэх долоо хоногт зохиогдох “Элэгний 7 хоног”-ийн хүрээнд Францын элэг, цөс, нойр булчирхайн ерөнхий мэс заслын эмч, профессор тэргүүтэй дэлхийд танигдсан мэргэжилтнүүд ирж лекц тавихаар болсныг ХСҮТ-ийн захирал Т.Эрдэнэхүү мэдээллээ.
ХСҮТ-ийн элэг, цөс, нойр булчирхайн тасгаас зохиож буй энэхүү хөтөлбөр мэргэжлийн эмч нарт зориулсан нээлттэй арга хэмжээ бөгөөд иргэдэд зориулсан шинжилгээ, оношилгоо зэрэг багтахгүй. Энэхүү хөтөлбөрөөр дэлхийд танигдсан, эмч профессорууд ирж оролцож байгаа нь ХСҮТ-ийн элэг, цөс, нойр булчирхайн тасгийн хөгжил дэлхийн хөгжилтэй ижил түвшинд буйн нэг илрэл мөн хэмээлээ.
Тэрбээр энэ талаар ярихдаа, “Элэг шилжүүлэн суулгах мэс засал эх орондоо хийдэг болсноос хойш 100 дахь хагалгаа руугаа орж байна. Өмнө нь өөр оронд хагалгаанд орохын тулд иргэнээс 100,000-150,000 доллар гардаг байсан бол одоо даатгалаараа шийддэг болсон. Тэдгээр мөнгө МУ-ын эрүүл мэндийн салбарт үлдсэн гэсэн үг. Бид суурь тусламж үйлчилгээгээ сайжруулж байж гадагшаа явах урсгалаа багасгана” гэлээ.
Энэ жилийн элэгний хавдрын тохиолдол 6882 болж өнгөрсөн хоёр жилээс 400 орчмоор өссөн байна. Харин нас барагсдын тоо 200-аар багасжээ. Хавдраар өвчлөөд таваас дээш жил амьдарч байгаа хүмүүс жил ирэх тусам олон болж байгаа нь эмчилгээний үр дүн сайжирч буйг харуулж байна гэлээ. Мөн тэрбээр хэдий зарим тоног төхөөрөмж хүрэлцээгүй байгаа ч боломж, бололцоогоо дайчлан ажиллаж байгаагаа илэрхийлсэн юм.
Б.Аззаяа