Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын ойр орчмын хортон шавьжид идэгдсэн ойг аврах ажиллагаа нүдний өмнө явагдаад шууд үр дүнгээ өгч ой ногоорсон байхыг хараад бахдах сэтгэл төрөв.
Сэтгэл гаргавал ой сэргэх нь ийм амархан аж. Ерөнхийлөгчдөө талархая. У.Хүрэлсүх гэж хүний манлайлал байгаагүй бол маш их хэмжээний ой сэхэл авахгүй хортонд идэгдээд дуусах төлөв бий болж, иргэд дэмий л сэтгэлээ чилээж байлаа. Сүүлийн хоёр жил хойд чиглэлийн зусланд гарсан хүмүүс сайн мэднэ дээ. Багагүй хэмжээний ой шарлаад хүрэнтээд, очоод үзэхээр нил төөнүүр болон хар жижиг хорхой шавсан байдалтай удсан.
Улс төрчийн манлайлал гэдэг маш том хүч юм байна. Хавраас хойш агаараас ойн хортонг устгах нислэгүүд нийт 76,000 га талбайд хийгдэж, үр дүнд нь ийм хэмжээний талбайн ой сэргэж байна. Энэ ажлыг Томас эйр компанийн агаарын хүлгүүд амжуулж байгаа билээ. Одоогийн байдлаар Улаанбаатар хот орчимд гэхэд Богдхан уулын ДЦГ, Горхи тэрэлжийн БЦГ-ын ойд мөн Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант, Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс, Тосонцэнгэл, Архангай аймгийн Булган, Хотонт сумуудад агаараас биологийн бодис цацаж, устгал хийсэн аж.
Агаарын довтолгоо нь хамгийн үр дүнтэй устгалын арга бөгөөд энэ ажилд Рио Тинто групп маш том дэмжлэг үзүүлжээ. Хэдийгээр агаараас устгах ажил явагдсан ойн орчимд амьдардаг иргэд үр дүн нүдэн дээр харагдаж байгаад сэтгэл хангалуун байгаа ч хөдөө зарим газарт гар аргаар хор цацсан үр дүнд нутгийнхан шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж эхэллээ.
Нэгэн жишээ. Фэйсбүүк сүлжээнд Munkh-Erdene Khurelbaatar хаяг эзэмшигч ингэж бичжээ.
“…Орхоны хөндийд ирлээ. Эндхийн ой модны бараг 60-70% нь хортон шавьжид идүүлэн, үхэж устах дээрээ тулсан байна. … хортон шавьжны эсрэг хор цацах ажил үр дүнгээ энд лав өгсөнгүй. Нутгийн олны амнаас сонсох нь хор цацаж байгаа нь энэ гээд хэд гурван мотоциклтэй залуус ойн захаар утаа униар тавин хэд эргэлдээд л буцсан бололтой… ”
Гар шүршүүр ашиглан ойн хортон устгах арга нь суурьшлын бүс дэх модот цэцэрлэг, гудамжинд ашигладаг юм. Ууланд хэрэглэх бараг боломжгүй, бүтээмж муутай хэрэгсэл учир ийм үр дүн гарна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймагт агаараас ойн хортонг устгах ажиллагаатай танилцах үеэр “13 жил ойн хортон устгах ажлыг бүхий л бэрхшээлийг даван хийж, туршлагажсан компани байхад төр ажлыг нь булаах ёсгүй. Юм л бол төр өөрөө хийнэ гэдгээ болих хэрэгтэй. Хувийн хэвшлийн ажлыг дэмжээд, хамтраад ажиллах ёстой шүү” гэж захисан байдаг.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үнэхээр бодит манлайллыг үзүүлж байна. Үр дүн нь ч иргэдэд мэдрэгдэж, эх орны ой мод ногоорч байна. Цаашид агаараас хийх тэмцлийн цар хүрээг тэлэх, тогтвортой ажиллуулахад Байгал орчны хамгааллын асуудлыг хариуцсан төрийн бүтцүүд анхаарах хэрэгтэй байх.
Н.Сугарсүрэн