Үндэсний урлаг болох монгол ардын уртын болон богино дууны талаар бид СТА, дуучин Б.Алтанжаргалтай ярилцлаа. Тэрээр 11 жилийн өмнө “Дүүриймаа” дуугаа олны хүртээл болгож, сонсогчдын танил болсон цагаасаа хойш “Төгөлдөр зургаан маа”, “Идэр жинчин”, “Дөмөн” гэх зэрэг цомгоо гарган, өнөөг хүртэл амжилттай бүтээн туурвиж яваа уран бүтээлч юм.
Түүний хувьд өв уламжлал, уртын болоод ардын дууны гайхамшгийг орчин үеийн хэв маягт шилжүүлэн залууст түгээх, эдгээр зүйлийн үнэ цэнийг ойлгуулахыг эрхэмлэдэг талаараа ярисан юм.
-Сайн байна уу? Та сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаас хуваалцаач?
-Уран бүтээлийн чиг хандлага маань шинэ цаг үеийг бичилцэж байгаа залуучуудад зориулж хэрэгцээ шаардлагад нь нийцсэн, шинэ бүтээлээр хувьсан өөрчлөгдөж байна. Тэр утгаараа залуус олон мянган жил хадгалагдаж байгаа нүүдэлчин өв соёл, ахуй амьдрал, байгаль, хүн хоорондын холбоо хамаарлын талаар илүү өндөр түвшний ойлголттой болжээ. Тиймээс сүүлийн үед залуучуудад зориулсан уран бүтээлүүд гаргахыг хичээн ажиллаж байна.
Сүүлийн үед гэвэл ковидын өмнө “Тэнгэрийн салхи” тоглолтоо үзэгчдэд толилууллаа. Тэнгэрийн салхи тоглолт пянз цомог болж гарна. Өмнө нь Монгол Ардын богино дууны пянз байгаагүй. Энэ намар пянзаа хүлээж авахаар тэсэн ядан хүлээж байна даа.
-Таны хувьд өв соёлоо залууст түгээхийг эрмэлздэг уран бүтээлч. Гэтэл залуус гадны зүйлсийг шүтэж, даган дуурайх, өөрийн гэсэн зүйлээ үгүйсгэх, үл тоох зэрэг хандлагыг гаргадаг. Үүнийг та юу гэж хардаг вэ?
-Бид дээл хувцсаа өмсөж, нүүдэлчин соёл, таван хошуу малынхаа үр шимээр бахархдаг байх хэрэгтэй. Орчин цагт ямар хөгжим сонсох, ямар хувцас өмсөх гээд соёлын хувьд адилхан байж болно. Гэхдээ хэзээ ч орхиж болохгүй зүйл бол бидний үндэсний өв соёл юм. Тэр ч утгаараа жүжигчин, найруулагч Б.Амарсайханы бүтээл “Монгол” нэртэй уран сайхны киноны дууг дуучин Нэнэтэй хамтран өнгөрсөн таван сард бүтээсэн. Тэр дууны хэсэг дээр “Гоолингоо” ардын дууг миний бие дуулсан юм. Энэхүү дууг орчин үеийн залуучуудын сонирхолд нийцүүлэн, ардын урлагтай холбож, хүмүүст мэдрүүлж байгаа нь их сайшаалтай зүйл болсон.
ӨВ СОЁЛОО ҮГҮЙСГЭЖ, ҮЛ ТООСНООР БИД ХЭН Ч БИШ БОЛНО
-Мартаж болохгүй орхиж болохгүй өв соёлын тухай та ярилаа. Үүнийгээ бид мартаж, үгүй хийвэл юу болох вэ?
-Хэн ч биш болно.Тэгэхээр бид энгийнээр бодох ёстой. Хэтэрхий мал аж ахуйгаас хөндийрч яах юм. Хэт их хотын соёлтой байж бас яах юм. Бидний ялгарах хамгийн том онцлог бол монгол хэл дээр дуулж байгаа дуу, үг хэллэг,аман яриа шүү дээ. Өв соёлоо хэрэггүй зүйл гээд хаявал бидэнд юу ч үлдэхгүй.
Жишээ нь би тантай таарахдаа, “Юу байна” гэж мэндэлбэл их хүйтэн хөндий сонсогдож байгаа биз. Бид хэлний баялагтай ард түмэн шүү дээ. Тэгэхэд жилийн дөрвөн улиралд хүний амар мэнд, бие лагшин асуусан их өргөн дэлгэр мэндчилгээ бий. Хэт их гадаад үг хэллэг ашиглаад бидний эх хэл мартагдаж байна. Энэ бүхнийг ярьж буйн учир нь ардын богино дуунд амьдрал, сургаал, баяр баясал, уйтгар гуниг, тэндээс гарч ирж байгаа уран тансаг үг хэллэг, ёгтлол бүх зүйл цогцоороо байдаг. Энийг бид ойлгоод нэг удаа монгол хүн гэдэг дотоод сүнслэг оршихуйгаа сэрээгээд үзээсэй гэж боддог.
-Гоолингоо дууны тухай олон яриа гарсан байдаг юм билээ. Та энэ дууны талаар ярьж өгөөч?
-Тэгэлгүй яах вэ. Гоолингоо дууны утга санааг залуучууд төдийлөн мэддэггүй. Харин саяхан гарсан орчин үеийн хэв маягт оруулж залууст хүргэхэд их хандалттай байлаа.
Гоолингоо дуунаас хүмүүс их цэрвэдэг. Сүнслэг, муу ёрын дуу ч гэж ярьдаг. Энэ дууг дуулсан эмэгтэй нөхөртэй болж хүнтэй суудаггүй гэх мэт яриа олны дунд бий. 150 жилийн өмнө “таван замын тулаан” болж хүрээнээс очсон нэг жанжны эхнэр нь сайхан дуулдаг Гоолингоо гэж бүсгүй байсан. Гоолин гэдэг нь шувууны хамгийн үзэсгэлэнтэй дуугаралт юм л даа. Эр нөхөр нь тулаанд яваад ирэхэд хүрээнд үймээн самуун болж эхнэр нь нас барсан гэдэг. Ийнхүү эхнэрээ дурсаж санагалзаж байгаа л дуу юм.
1900 оны дунд үеэс зарим дууг хөрөнгөтний үзэл суртал шууд илэрхийлсэн гэж үзээд олон нийтэд хүргэхийг хориглож байсан. Энэ дунд Гоолингоо дуу багтсан. Энэхүү дуу нь хайртай хүнээ санагалзаж, дурссан дуу болохоос биш ямар нэгэн муу ёр шингэсэн дуу огт биш. Тэгэхээр энэ дуунд хүндэтгэлтэй хандаж илүү олон хүнд түгээж, дотоод оршихуйг нь ойлгоод мэдрэх их чухал асуудал.
АРДЫН ДУУНЫ ДӨРӨВХӨН БАДАГТ БИДНИЙ АМЬДРАЛ, ҮХЭЛ, ФИЛОСОФИ, ТҮҮХ, СОЁЛ ТЭР ЧИГТЭЭ БАГТДАГ
– Ардын болон уртын дууны тухай яривал дундрашгүй баялаг түүх бий байх. Та бидэнд ардын дууны тухай ярьж өгөөч?
-Үндэсний урлаг тэр дундаа ардын богино дууны ном бичвэр дээр бичиж нотолж хэвлүүлсэн 5000 дуу байна. Тэрнээс ч их байгаа 14 ястан угсаатны дуу хуур гэхээр их шүү дээ. Энэ дуунаас бид 50 дуун дээр эргэлдээд байгаа юм. Уран бүтээлчид дууг яаж олон нийтэд, орчин цаг үетэй нь холбож хүргэх, эсвэл үүнийг уугуулаар нь хадгалж үлдэх нь зөв эсэхийг бодож тунгааж өөрийн хэв маягт тааруулан бүтээлээ туурвиж байна. Энэ нь ямар ч хэлбэрээр хүрсэн бахдалтай зүйл мөн. Бид суурин соёл иргэншилтэй болж ардын болон уртын дууг дуулах нь багассан байна.
Хубилай хааны үед ордны найрал хөгжимтэй, дуучинтай байсан. Тэр үеийн дуунуудыг сонсоод үзвэл их сайхан.
“Тэнгэрийн салхи” дуун дээр:
“…Тэнгэрийн салхи тэгшгүй
Төрсөн бие минь мөнх биш
Мөнхийн усыг хэн уулаадаа
Мөнөөхөн чөлөөндөө жарган сууяаа…”
гээд хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн гэдгийг зөвхөн энэ бадгаар хэлж байгаа юм. Амьд байхдаа жаргалтай бай гэдэг утгын агуулсан.Гэвч тэрнээс хойшоо хэдэн зуун жилийн дараах дууг сонсохоор хэт их гунигтай, харуусал тээсэн гэх мэт мэдрэмжүүд багтлаг. Дуу бүр өөрийн гэсэн сүнслэг ертөнцтэй. Бид түүнийг өдөрт хэдхэн минут гаргаад сонсоход тэр дунд бидний ямар их хэллэг гээсэн байна вэ гэдгийг жаахан цаг гаргахад ойлгох болно.
Л.Бүжээ