Өнгөрсөн сарын 21-нд дэлхий даяар зэрэг нээлтээ хийж, кино сонирхогчдыг шуугиулж байгаа хоёр кино бол найруулагч Грета Гервигийн “Барби”, Кристофер Ноланы “Оппенхаймер” буюу “Барбенхаймер” юм. Хоёр кино нээлтээ хийгээд хоёр долоо хоног болж байгаа ч кино театрыг зорих үзэгчдийн тоо дэлхий даяар буурахгүй байна. Хоёр киноны ашиг нийлээд 1 тэрбум ам.долларыг хэдийн давчихаад байгаа ба энэ үзүүлэлтэд цаашид Барби кино дангаараа ч хүрэх магадлал өндөр байгаа юм. Барби хүүхэлдэйний үйлдвэр компани болох Маттел, Уарнер Бросын хамтарсан бүтээл дэлхий даяар 800 сая ам. долларын ашиг олоод буй. Энэ байдлаараа ойрын долоо хоногт энэ оны хоёр дахь тэрбум ам.долларын ашиг олсон кино болоход ойртсон байна.
Юниверсалын Оппенхаймер киноны хувьд дэлхий даяар 405 сая ам.долларын ашиг олсон байна. Барби кино бүх насныханд, тэр дундаа жаахан охид, өсвөр насныхныг онилсон учраас үзэх үзэгчийн тоо ийн давуу илүү байгаа гэж кино шүүмжлэгчид үзэж байна.
Харин хоёр кино хүлээлтээ давж чадсан эсэх нь дараагийн асуудал аж. Тодруулбал, аль аль кино чадварлаг жүжигчдээс бүрдсэн нь үзэгчдийн дунд чамгүй өндөр хүлээлт үүсгэсэн. Гэвч хоёр кино хоёул үзэгчдээс “хүлээлтийн хэмжээ” шигээ үр дүн сонссонгүй. Барби киноны хувьд хэт феминизмийг харуулах гэж оролдсон, бүх зүйл нь ойлгомжтой байсан зэргээр кино сонирхогчид шүүмжилж байгаа бол нөгөө хэсэг нь “Барби”-тай киноноос гүн гүнзгий юм хүлээх шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа юм.
Харин Оппенхаймерын хувьд шинжлэх ухааны гэхээс илүүтэй улс төрийн сэдэвт кино байлаа гэж үзэгчид шүүмжилж байна. Нөгөөтээгүүр, бодит явдлын ард ч улс төр байсан тул харин ч зөв сэдвээ хөндсөн, хэт шинжлэх ухааны байсан бол уйтгартай, нуршсан байх байсан гэж өөр хэсэг нь маргаж байна. Гэсэн хэдий ч хоёр кино аль аль нь амжилт үзүүлсэн буюу олон хоногийн турш байраа алдахгүй байгаа нь цаашид ч амжилтаа ахиулахыг харуулж байна гэж хэвлэлүүд онцолж байна.
SOURCE: CNBC