HBO-ийн “Юфориа” цувралын од, үзэгчдийн “хамгийн хайртай дүр” гэж тодотгож болох Фезийн дүрийг бүтээсэн жүжигчин Ангус Клауд 25 насандаа таалал төгсчээ.
Түүнийг нас барсныг гэр бүлийнхэн нь олон нийтэд мэдээлсэн ба “Гайхалтай нэгнийг алдсандаа манай гэр бүл маш их гашуудаж байна.
Өнгөрсөн долоо хоногт түүний аавыг оршуулсан бөгөөд Ангуст энэ бүхэн маш хүнд туссан. Биднийн тайтгаруулж байгаа цор ганц зүйл бол тэр минь аавтайгаа дахиж уулзсан гэдэгт итгэх явдал юм. Тэд маш сайн найзууд байсан. Ангус сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалтайгаа тэмцэж байсан бөгөөд түүнд тохиолдсон явдал бусдад бүү тохиолдоосой, та нар ганцаараа биш шүү, чимээгүй үхэл рүү өөрсдийгөө бүү түлхээсэй гэж бид чин сэтгэлээсээ хүсэж байна” гэжээ.
Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ба гэр бүлийнхэн нь хувийн амьдралыг нь хүндэтгэхийг олон нийтээс мөн хүссэн юм. Ангус Клауд “Юфориа” цуврал дээр Фез гэх мансууруулах бодис худалдаалдаг залуугийн дүрд тоглодог ба тус цуврал өсвөр насныхан, залуусын дунд чамгүй амжилт олсон. Цувралын 3-р бүлэг удахгүй гарах төлөвлөгөөтэй байгаа юм.
Source: CNN, TMZ