Гурван настай хүүг зодсон хойд эцгийн хэргийг прокурорт буцаажээ.
Тодруулбал өнгөрсөн гуравдугаар сард БГД-ийн нутаг дэвсгэрт гурван настай хүүг хойд эцэг нь зодож, хүнд гэмтээсэн. Хохирогч хүү одоогоор Турк улсад эмчлүүлэн, олон удаа хагалгаанд орсон ч биеийн байдал нь сайнгүй байгаа талаар хүүгийн аав хэлж буй. Хүүг зодсон этгээдийг эрүүгийн тухай хуулийн 11.1, 12.1-ийн 4-т заасан үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Уг хэргийг шүүх хурал долоодугаар сарын 28-нд товлогдсон байсан ч шүүх хэргийг хянаж, баримт материал дутуу гэж үзэн прокуророт буцаажээ.
Тодруулбал,
11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;
2.2.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн;
2.3.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн;
2.4.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн;
2.5.энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Энэ хуульд заасан "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.
12 дугаар зүйл. Хүчиндэх
1.4. Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.