Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын нийслэл Москваг Украины арми нисгэгчгүй онгоцоор дайрсны дараа ОХУ-д дайн буцаж ирж байна гэж анхаарууллаа.
В.Зеленский Оросын нутаг дэвсгэрт халдлага үйлдэх нь хоёр орны дайны "зайлшгүй, жам ёсны бөгөөд туйлын шударга үйл явц" гэж тодотгожээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам ням гарагт Украины гурван нисгэгчгүй онгоцыг унагаснаа мэдэгдсэн юм.
Түүнчлэн хотын төвөөс баруун өмнө зүгт орших Внуково нисэх онгоцны буудлыг мөн хэсэг хугацаанд хаасан байна. Ням гарагийн үүрээр болсон нисгэгчгүй онгоцны халдлага бол Украины сөрөг довтолгооны хамгийн сүүлийн үеийн дайралт болоод буй. Украины баруун хэсгийн Ивано-Франковск хотоос В.Зеленский бичлэг хийж цацсан ба үүндээ “Украин хүчирхэгжиж байна” гэсэн юм.
Тэрбээр "Оросын удирдлага хоёр долоо хоног үргэлжилнэ гэж бодож байсан "Цэргийн тусгай ажиллагаа"-ны 522 дахь өдөр өнөөдөр тохиож байна. Дайн аажмаар Оросын нутаг дэвсгэрт, түүний бэлгэдлийн төвүүд, цэргийн баазууд руу буцаж ирж байгаа бөгөөд энэ нь зайлшгүй, байгалийн бөгөөд туйлын шударга үйл явц юм” гэжээ.
SOURCE: BBC