Анх тоглоом болгон ярьж байсан хосын хурим бодит байдал дээр биеллээ олж, МкДоналдс-ын нэг салбарт гэрлэснийг Сингапурын хэвлэлүүд онцолж байна. Тэдний найз нөхөд, гэр бүл гээд 55 хүн тус түргэн хоолны газарт цугласан ба хосууд хоолны танхимд амлалтаа бие биедээ уншиж өгчээ.
Хуримын түүхийн тухайд, нөхөр болох Элсон Тонг 2021 онд МкДоналдс-д найз бүсгүйн хамт ирж, бургертэй гэрлэж чадах тухайгаа хошигнон хэлснээс энэ бүх яриа анх үүсжээ. Тэрбээр Сингапурын гадаад харилцааны яаманд ажилладаг бол эхнэр нь Чангги олон улсын нисэх буудалд ахлах албан тушаалд ажилладаг. Тэд анхнаасаа хөгжилтэй, хөнгөн, тав тухтай гэрлэхийг хүсэж байсан аж.
Нөхөр болох Элсон Тонг “Энд хуримлах нь бидний зан чанарт ч яг нийцэж байгаа. Бид юмсыг энгийн, байгаагаар нь байлгах дуртай. Зочид маань ч бас өөрсөддөө эвтэйхэн хувцсаа өмсөж ирээсэй гэж бодсон” гэжээ. Эцэг эхүүд нь ч энэ шийдвэрийг нь найрсгаар хүлээн авсан байна. Тэд зочиддоо МкДоналдсын купон шиг цаасан дээр урилгаа хэвлэн явуулсан ба зочдын хоолны захиалгыг үүгээр дамжуулан авчээ. МкДоналдс дахь хуримын нийт зардал 700 гаруй доллар болсон байна.
SOURCE: STRAITS TIMES