Реппер Карди Би Лас Вегас хотноо тоглолт үзүүлж байх үеэр үзэгчдийн хэсгээс түүн рүү ууж байсан ундаагаа шиджээ. Дуучин бүсгүй зөрүүлж микрофоноо түүн рүү шидсэн ба уг үйл явдлыг харуулсан бичлэг олны анхаарлын төвд байна.
Тикток дээр л гэхэд уг бичлэг зургаан сая гаруй хандалт авсан байна. Карди Бигийн төлөөлөгч одоогоор энэ үйл явдлын талаар мэдээлэл өгөөгүй байгаа. Энэ мэтчилэн одууд руу юм шидэх үзэгдэл сүүлийн үед газар аваад буй. Тодруулбал, дуучин Бэбэ Рекса рүү гар утас шидэж, түүний нүдэн тус газар гэмтсэн. Харин баривчлагдсан сэжигтэн “Түүн рүү юм шидвэл хөгжилтэй байх болно гэж бодсон” гэсэн тайлбар өгсөн юм. Хохирсон уран бүтээлчдийн тоо үүгээр дууссангүй. Дуучин Харри Стайлс тоглолтоо хийж байх үед түүн рүү мөн юм шидэж, тайзан дээр хэсэг эвхрэн суухад хүргэсэн. Хамгийн сүүлчийн бай болсон реппер Карди Бигийн хувьд харин энэ бүхнийг зүгээр өнгөрөөхийг хүсээгүй бололтой, хариу үйлдлээ шууд гаргасан нь олон нийтийн санаа бодлыг хоёр хэсэгт хуваагаад байна.
SOURCE: NBC