АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ОХУ-ын Батлан хамгаалахын сайд зэвсэг нийлүүлэх, авах зорилгоор Хойд Солонгост байгаа гэж үзэж буйгаа хэлжээ.
Тодруулбал, Сергей Шойгуг Пхеньян руу ховор айлчлалаар очсоны дараа Блинкен Орос улс дэлхий даяарх холбоотнуудаасаа зэвсэг худалдан авахаар улайрч байна гэж тодотгосон юм. Блинкен сэтгүүлчдэд хандан "Би түүнийг Хойд Солонгост амарч яваа гэж лав бодохгүй байна. Зөвхөн баяр тохиолдуулан очсон гэдэг ч эргэлзээтэй” гэжээ. "Орос улс Украины эсрэг түрэмгийллээ үргэлжлүүлэн хийхэд дэмжлэг, зэвсгийг хаанаас ч хайж байгааг бид илхэн харж байна шүү дээ" гэж мөн хэлсэн байна. Шойгу Хойд Солонгост байхдаа тус улсын удирдагч Ким Жон Унтай уулзсаныг Пхеньяны төрийн хэвлэлүүд "нөхөрсөг яриа хэлэлцээ" гэж тодорхойлоод байгаа юм. Хойд Солонгосын түүхэн холбоотон Орос бол Пхеньяны найрсаг харилцаатай цөөхөн хэдэн улсын нэг билээ.