Төв аймгийн 100 жилийн ойд зориулж, мөн хотын суурин иргэншилтэй залууст хөдөлгөөн ямар ач холбогдолтой гэдгийг ойлгуулах зорилготойгоор 2100 км гүйсэн 016 дугаар ангийн тэргүүн ахлагч Б.Алтангэрэлтэй бид ярилцлаа.
-Та сайхан наадаж байна уу? Манай үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайхан наадаж байна аа. Та бүхэн сайхан наадав уу? Би Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн тэргүүн ахлагч Б.Алтангэрэл гэж хүн. Сая 2100 км гүйж бариандаа сайхан орж ирлээ.
-Сүүлийн үед хүмүүс хол зайд гүйх нь олон болсон харагддаг. Үүний ач холбогдлын талаар та ярьж өгөөч?
-2100 км гүйсэн явдал бол төв сайхан нутаг, Төв аймаг үүсгэн байгуулагдсан 100 жилийн ой, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн 100 жилийн ойг тохиолдуулаад өөрийн санаачилгаараа 2100 км-ийг олон түмнийхээ, сайхан хамт олон, зэвсэгт хүчнийхээ дэмжлэгтэйгээр гүйсэн. Хоёрдугаарт залуучуудад цэрэг эх орон ч үзлийг төлөвшүүлэх, үлгэрлэх, гуравдугаарт цэрэг иргэний харилцааг бэхжүүлэх, дөрөвдүгээрт хэлтсийнхээ албыг сурталчлах, тавдугаарт би өөрөө армийн тэргүүн ахлагч хүн. Тэргүүн ахлагч ямар байдгийг өөрөөрөө үлгэрлэн манлайлахын тулд энэ санаачилгыг гаргасан юм. Хүн эрүүл байхын тул ямар нэгэн хөдөлгөөн хийж байх ёстой. Мэдээж гүйнэ гэдэг биеийн эрүүл мэндэд тустай.
-Хүн аливаа зүйлийг хийхдээ нэг зүйлийг сурч, ойлгож, мэдэж авдаг шүү дээ. 2100 км гүйснээрээ та юу ойлгож, анзаарав аа?
-Би энэ гүйлтээс монгол түмний сэтгэл ямар сайхан юм бэ гэдгийг мэдэрч явлаа. Яагаад гэхээр би гүйж байгаа хүн. Хөлс асгарч яваа шүү дээ. Энэ үед замаар яваа машин зогсоод хүүхдээрээ ус өгүүлэх жишээний. Ийм сайхан сэтгэлийг олж харж байлаа. Хүний мөс чанар гэж байдаг шүү дээ. “Та ганцаараа яваа юм уу. Яаж яваа юм. Машин тэрэг дагаж яваа юм уу” гээд л надад сэтгэл гаргасан. Тийм сайхан сэтгэлийг их харлаа. Ард түмэн маань сайхнаараа байгаа юм байна гэж дотроо бодож явсан.
-Гүйгээд ирсэн нь сайхан ч, гүйж байх хугацаанд хөл холгохоос эхлээд мэдээж олон асуудал тулгамддаг байх тийм үү?
-Яг зөв. Тэгэлгүй яах вэ. Хөл холгох, цочрол өгөөд судас шөрмөс агших зэрэг асуудлууд тохиолдсон. Монголын номер нэг кальци бол сүүлний тос юм байна. Сүүлний тосоо түрхэж, илээд оройдоо сайхан суллаад 2-3 хоноод л гайгүй болдог юм билээ. Өөр ч асуудал үгүй дээ.
-Та залууст хандаж юу хэлмээр байна вэ?
-Та бүхэндээ эрүүл энх сайн сайхныг хүсье. Хамгийн гол нь эрүүл байгаарай. Эрүүл байхын тулд хөдөлгөөнтэй байгаарай л гэж хэлмээр байна.
-Баярлалаа.