Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын шинэ барилга 2023 оны долоодугаар сарын 26-ны өдөр нээлтээ хийжээ. Хан Хэнтий чуулгын барилга нь 600 хүний суудалтай, есөн танхимтай, 78 өрөө тасалгаатай, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан цахилгаан шаттай бүс нутагтаа жишиг театр болсон байна.
Хан Хэнтий чуулгын барилгын ажлыг 2011 онд эхэлсэн бөгөөд 2020 онд Соёлын яам бие даан байгуулагдаж, театр, музей, чуулгын барилгуудын урагшлуулахад анхаарал хандуулан ажиллажээ.
Соёлын яамнаас интерьер дизайныг цогцоор нь хийх, зураг төсөл боловсруулж улмаар нэмэлт ажлыг 2023 онд төсөвт суулган иж бүрэн гүйцэтгэх боломжоор хангажээ. Архангай, Завхан аймгийн театрын барилгуудыг мөн үүнтэй ижил зураг төслөөр бүтээн байгуулах аж.