1990-ээд оны “хамгийн алдартай” кинонуудад дүр бүтээж, Оскарын шагналын эзэн болж явсан жүжигчин Кевин Спейси бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд уруу татсан гэх хэргээр сүүлийн хэдэн жил олны анхааралд амьдарч буй. Үүнээс ч болж чамгүй амжилт үзүүлээд байсан Нетфликсийн “Хөзрөн байшин” цувралаа орхиход хүргэсэн байдаг. Харин Лондон хотноо болсон уг хэргийн шүүх хурлаар түүнийг гэм буруугүй гэж үзсэн байна. Тодруулбал, 2001-2013 оны хооронд дөрвөн эрэгтэйтэй холбогдсон 9 бэлгийн хүчирхийллийн хэрэгт түүнийг буруугүй гэж дүгнэсэн аж. Энэ шийдвэрийг танилцуулсны дараа жүжигчин эр нулимс дуслуулсныг эх сурвалжууд мэдээлж буй. Тэрбээр мөн шүүгчид рүү хандан гараа цээжиндээ тавьж, нэг бус удаа баярлалаа гэж хэлснийг ойр байсан хэвлэлийнхэн онцолж байна. Жүжигчин эр сэтгүүлчдэд хандан “Шийдвэрт хүрэхээсээ өмнө бүх нотлох баримт, холбогдох бичиг баримтыг сайтар судалсан шүүгчдэд талархал илэрхийлмээр байна. Би энэ цаг мөчид даруу байсан нь зүгээр биз ээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.